С.Баярцогт: Миний бие болон тухайн үеийн Ерөнхий сайд, сайд нарыг системтэйгээр хэлмэгдүүлсэн үйл явц нь улс төрийн зорилготой байсан
Хэлмэгдүүлэлтийн хөшөөнд цэцэг өргөх үеэр ерөнхий сайд асан С.Баярцогтоос хэлмэгдүүлэлийн талаар тодрууллаа.
1937 оны хэлмэгдүүлэлт бол Коминтерн болон Зөвлөлт Холбоот Улсын шахалтаар Монголын сор болсон сэхээтнүүд, лам нар, буриад үндэстнийг хоморголон устгасан эмгэнэлт түүх юм. 1996 онд Ардчилсан хүчин засаглах үедээ төрөөс анх удаа уучлал гуйж, энэ түүхийг бодитоор эргэн харах эхлэлийг тавьсан. Тухайн үед 30 гаруй мянган иргэн хэлмэгдэж, төрийн зүтгэлтнүүд харийн шүүхээр яллагдаж байсан гашуун сургамжийг бид мартах учиргүй.
Улс төрийн хэлмэгдүүлэлтийг дахин давтахгүй байх хамгийн чухал үндэс нь түүхээ үнэн зөвөөр тайлбарлан таниулах явдал юм. Төрөөс олгож буй нөхөн олговор нь хүний амь нас, сэтгэлийн зовлонг бүрэн нөхөж чадахгүй ч, энэ нь гаргасан алдаагаа засаж, дахин давтахгүй гэсэн төрийн амлалт, уучлал юм. Социализмын үеийн үзэл суртлаар хаацайлж ирсэн зохиомол хэргүүдийг бодитоор үнэлж, сурах бичигт зөвөөр тусгах шаардлагатай байна.
Харамсалтай нь сүүлийн жилүүдэд улс төрийн өрсөлдөгчөө замаасаа зайлуулах, сөрөг хүчнээ дарах хэрэгсэл болгон хууль хяналтын байгууллагыг ашиглах хандлага дахин ажиглагдах боллоо. Ялангуяа 2016 оноос хойш Засгийн газрын хамтын шийдвэрийг эрүүгийн хэрэг болгон зүйлчилж, олон хүнийг хоморголон яллаж байгаа нь бодлогын том алдаа юм. Энэ нь 20-р зууны коммунист дэглэмийн залхаан цээрлүүлдэг арга барил руу эргэн орж буй хэлбэр гэж үзэж байна.
Миний бие болон тухайн үеийн Ерөнхий сайд, сайд нарыг системтэйгээр хэлмэгдүүлсэн үйл явц нь улс төрийн зорилготой байсан. Хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан асуудлуудыг "зохион байгуулалттай гэмт бүлэглэл" гэх зүйл ангиар халхавчлан хэрэг үүсгэж, ямар ч үндэслэлгүйгээр ялласан. Оюутолгойн гэрээ байгуулах үеийн эдийн засгийн нөхцөл байдал, төсвийн боломж бололцоог үл харгалзан, төрийн шийдвэр гаргасан хүмүүсийг ийнхүү буруутгаж байгаа нь өөрөө хэлмэгдүүлэлтийн орчин үеийн хэлбэр юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.