А.Намсаманд: С.Амарсайхан сайд жолоочийнхоо эхнэрийг дарга болго гэсэн болгосон
Хууль зүйн сайд С.Амарсайханыг хуулийн байгууллагад нөлөөлсөн байж магадгүй гэх мэдээлэл гараад байгаа билээ. Тус асуудлаар ШШГЕГ-ын дарга А.Намансаманд мэдэгдэл хийлээ.
ШШГЕГ-ын дарга А.Намансаманд:
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаанд хүндрэл учирч, хорих ангиудын аюулгүй байдал болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хууль ёсны байдал алдагдах эрсдэл үүсээд байна. Байгууллагын удирдлагын зөвлөлөөс эдгээр асуудлыг удаа дараа хэлэлцэж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байгаа боловч дээд шатны байгууллагын зүй бус нөлөөлөл саад болж байгааг онцлов.
Хууль зүй, дотоод хэргийн сайдын зүгээс алба хаагчдад хууль бус үүрэг өгөх, мэргэжлийн бус хүмүүсийг танил тал, хамаарал бүхий байдлаар томилохыг шаардах зэрэг ашиг сонирхлын зөрчилтэй үйлдлүүд гаргаж байна.
Мэргэжлийн бус удирдлагууд шийдвэр гаргах түвшинд ажиллах болсон нь хорих ангиудын аюулгүй байдалд шууд сөрөг нөлөө үзүүлж эхэлсэн тул томилгооны үйл ажиллагааг яаралтай хууль ёсны дагуу болгох шаардлагатай.
Улс төр, бизнесийн нөлөө бүхий этгээдүүд болон сайдын хамаарал бүхий компаниудын 4 сая гаруй долларын өр төлбөртэй холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагааг яамны зүгээс зориуд гацааж, удаашруулж байна. Мөн яамны газрын дарга нар шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд шууд хөндлөнгөөс оролцож, хууль бус зааварчилгаа өгч байгааг дурдлаа. Байгууллагын зарим удирдлагууд төрийн нууц задруулсан болон албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон байж болзошгүй асуудлуудыг хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар төлөвлөж байгааг мэдэгдэв.
Төрийн өмнө өргөсөн тангарагтаа үнэнч байж, хууль бус шахалт, доромжлолыг үл харгалзан хуулийн дагуу ажиллахаа илэрхийллээ. Энэхүү мэдээллийг хийж буй гол зорилго нь алба хаагчдаа хууль бус тушаал биелүүлж гэмт хэрэгтэн болохоос хамгаалах, байгууллагын хэвийн үйл ажиллагаа болон үндэсний аюулгүй байдлыг хангах явдал гэдгийг онцлон тэмдэглэв.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.