Баримт_хураангуй: Эрх баригч намын эвдрэлцэл сэдэрч, улс төрд "түгжилмаа" гэх шинэ нэршил үүсэв

Баримт_хураангуй: Эрх баригч намын эвдрэлцэл сэдэрч, улс төрд "түгжилмаа" гэх шинэ нэршил үүсэв

Хаврыг халуурал багатай давсан улс төр намартаа халах шинжтэй. Эрх баригч намын дотоод хагарал сэдэрч, сөрөг хүчин нэмэр дээр нэрмээс гэгчээр түүнд нь хүч нэмэх гэж оролдож эхэлсэн өдрүүд болж байна. 

1.     Тамга, тэмдэггүй эксел файл улс төрд “түгжилмаа” гэх шинэ нэршлийг дагуулав

Ерөнхий сайдын хамаарал бүхий Их засаг сургуульд төсвөөс 3,5 тэрбум төгрөг өгөх гэж байсан, үгүй гэх маргаан хоёр дахь долоо хоногоо дамнан үргэлжилж, улс төрд цоо шинэ нэршил гаргаж ирсэн нь "түгжилмаанууд".

Боловсролын сайд Л.Энх-Амгалан өөрөө түгжил биш гэдгээ онцолж, 2026 оны төсвийн тодотголын олон файл дундаас сугалж, улстөрийн зорилгоор ашигласан түгжилмаанууд бол УИХ дахь хадам, бэрийн холбоотой А.Ариунзаяа, О.Саранчулуун нар хэмээв. 

Энэ нь ч цаагуураа эвээ олж ядаж байсан эрх баригч намын 38/30-ийн бүлгийн эвдрэлцэл нь дахин сэдэрч эхэлсний шинж гэж харагдахаар байна. 

2.     Анхнаасаа томилогоо нь зохиогүй сайд С.Амарсайхан Засгийн газраас хоёр дахь удаагаа хөөгдөх үү, засагтайгаа унах уу гэдгийг шийднэ

Энэ 7 хоногийн хамгийн халуун сэдвүүдийн нэг нь ХЗДХ-ийн сайдын хууль бус үйлдлүүд. Эрүүгийн цагдаагийн албаны дарга нь Удган эмэгтэйн гэрт очиж, хуулийн сайдын өмнөөс ял наймаалцах гэж буй бичлэг олон нийтэд дэлгэдсэн дуулиан намжаагүй байхад ХЗДХЯ-ны харьяа ШШГЕГ-ын дарга нь ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы хууль бус үйлдлүүдийг нэмж илчлэв. 

Тэр дотроо хууль бус томилгоо хийхийг шахаж, шаарддагаас эхлээд, хууль хэрэгжүүлэхгүй өр төлбөрүүдтэйг нь ч дурдаад амжссан. 

Сүүлийнх дуулиан гараа ч үгүй байхад Ерөнхий сайд Н.Учрал "Хуулийн сайдын хууль бус үйлдлийг зүгээр өнгөрөөхгүй" гэдгээ цахим хуудаснаа мэдэгдсэн.

Харин хэргийн эзэн ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан орон нутгийн томилолттой гэсээр ордноор үзэгдэхгүй байгаа ч очоод баримт дэлгэхээ амласан. 

Энэ ээлж дараалсан мэдэгдлүүдээс үзвэл, С.Амарсайхан ямар баримт дэлгэхээс үл шалтгаалж, засгаас хөөгдөх нь нэгэнт тодорхой. Түүний дэлгэнэ гэх баримт хэр хүчтэй бас бодитойгоос шалтгаалж тэр нам доторх хагарлаа гааруулж, засагтайгаа хамт унана, эсвэл өөрөө ганцаараа явна гэдгийн аль нэг сонголт үлдэж байна. 

3.     Эрх баригчдын эвдрэлцээнд сөрөг хүчин хүч нэмж “ЗАСГААРАА ЯВ” гэх зальжин үг хэлж сууна

Ийнхүү Ерөнхий сайд Н.Учрал танхимын нэг сайдаа явуулах уу, хамтдаа татагдаж унах уу гэдэгт сөрөг хүчин дэнчин тавьж байна. Учир нь тэд Ерөнхий сайд Н.Учралыг танхимын зарчмаар ажиллаж чадахгүй байгаа учраас “өөрийн Засгийн газарт Итгэл үзүүлэх асуудлыг оруулж ир” гэх шаардлагыг тавив.

Нэг ёсондоо эрх баригчдыг эв түнжингүй байгаа дээр нь дөрөөлж балбах эхлэлээ сөрөг хүчин бэлдэж буй хэрэг. Тиймдээ ч тэд боломж олдсон дээр “танхимаараа яваад өг” гэх шаардлагыг Н.Учралд тавьж байгаа нь энэ.

Гэхдээ Н.Учрал сайд өөрөө өөртөө Итгэл хүлээлгэх бичиг оруулж ирэхгүй нь нэгэнт тодорхой учир АН-ынхан л хэр сайн улстөр хийж чадахаас намрын улс төрийн халалт хэдэн хэм хүрэх вэ гэдэг нь тодорхой болох нь.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.