"Дэм дэмэндээ" гэх пэйж хуудсаар тураах бүтээгдэхүүн зарж, иргэдийг эрүүл мэндээр хохироож байна

"Жем палас" төвийн 12 давхарт "Дэм дэмэндээ" нэртэй фэйсбүүк хуудсаар дамжуулан тураах бүтээгдэхүүн, хүнсний нэмэлт тэжээл борлуулж буй асуудлаар иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу бид газар дээрээс нь сурвалжиллаа.

Тус байгууллага нь "72 цагийн дотор бодит үр дүн гарна" хэмээн иргэдийг уриалан, сошиал орчинд шууд дамжуулалт хийж, зөвшөөрөлгүй бүтээгдэхүүн борлуулж байгаа юм. Эрүүл мэндийн сайдын тушаалаар тураах бүтээгдэхүүн сурталчлах, борлуулахыг хориглосон шийдвэр гарсан боловч тус байгууллага үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлсээр байна.

Иргэн С.Мөнхбат:

Уг бүтээгдэхүүнийг хэрэглэсэн олон хүн эрүүл мэнд, мөнгө санхүүгээр хохирч эмнэлэгт хэвтэх хүртлээ хүндэрсэн тохиолдлууд гарчээ.

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газарт хандан шалгуулахад, тухайн бүтээгдэхүүн нь Монгол Улсад худалдан борлуулах албан ёсны зөвшөөрөлгүй болох нь тогтоогдсон байна. Хохирогчдын нэг болох 50 настай эмэгтэй уг бүтээгдэхүүнийг хэрэглэсний улмаас бөөрний цочмог үрэвсэлд орж, цусаар шээх, биеийн уургийн хэмжээ 94 хувийн алдагдалд орох зэрэг амь насанд аюултай нөхцөл байдалд оржээ. Тухайн байгууллага хохирогчийн эмчилгээний зардлыг төлж, гомдлыг нь барагдуулсан боловч бусад иргэдэд аюултай бүтээгдэхүүнээ борлуулсаар байна. 

Тус байгууллага дээр очиход лайв хийж байсан ажилтан нь шууд зугтан яриа өгөхгүй гэсэн юм.

Лайв хийж байсан иргэнээс тодруулахад "Сайдын тушаал гараагүй, бид ажлаа хийж байна" хэмээн мэлзэж, хэрэглэгчдийг хохироосон үйлдлээ үгүйсгэсээр байна. Тус ажилтан нь манай захирал ажлаа хийж болно гэсэн манай захирлаас тодруул гэсэн юм. 

Тухайн байгууллагын захиралаас тодруулахад зарахдаа тураах бүтээгдэхүүн гэж зардаг ч энэ бүтээгдэхүүн тураах бүтээгдэхүүн биш зөвхөн хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, хоол шингээдэг ислэг бүтээгдэхүүн гэж тайлбарлав. Манай бүтээгдэхүүн инстаграм, тик ток зэрэг сошиал сувгаар зарагддаг гоо сайхны үйлчилгээтэй цогцолсон олон улсад зөвшөөрөгдсөн бренд юм. Бид гаднаас оруулж ирдэггүй дотоодын гэрээгээр худалдаалдаг.

Тус бүтээгдэхүүнийг хаанаас орж ирдэг, ямар үнэтэй зарагддаг, хэзээнээс борлуулж байгаа талаар тодруулахад удахгүй бүх зүйл тодорхой болно гэх мэтээр бөөрөнхийлсөөр хариулт өгөөгүй юм. 

Үүнээс харахад иргэдийн эрүүл мэндэд ноцтой аюул учруулж болзошгүй, зөвшөөрөлгүй тураах бүтээгдэхүүний асуудлыг хууль хяналтын байгууллага болон Эрүүл мэндийн яам яаралтай анхааралдаа авах шаардлагатай байгааг энэхүү үйл явдал харуулж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.