Б.Булнай: Ямар ч нэр ус дурдаагүй байхад С.Амарсайхан гэдэг хүн над дээр яагаад гүйцэтгэх ажиллагаа явуулж байгааг би нүүр тулж асуумаар байна

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан цаг үеийн байдлаар мэдээлэл хийх үеэр удган Б.Булнай сайдтай ХЗДХЯ-ны гадаа ирсэн юм. 

Б.Булнай: 

Би өнөөдөр хүний нэр ус дурдаагүй, зөвхөн эмэгтэйчүүдийн эрх болон хүүхдийн бэлгийн хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо хүргэж ирсэн. Сошиал орчинд бодит кэйсүүдээс сэдэвлэсэн 400 гаруй нийтлэл тавьсан байдаг.  Би хуулиа мэднэ. Зөвхөн дагавар охинтой ээжүүдэд сэрэмжлүүлэг болгож, бодит кэйс дээр тулгуурласан мэдээлэл хүргэсэн. Гэтэл өөрт нь огт хамааралгүй бичлэгийг яагаад өөр дээрээ тусгаж авч, над дээр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгааг би асуумаар байна.

Энэ асуудлыг улс төр рүү эргүүлж, намайг бүх хүнтэй холбож байна. Би хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд, охидод хуулийн зөвлөгөө өгч, өмгөөлөгч нартай холбож, бүх зүйлийг хуулийн хүрээнд хийдэг.

Намайг энэ сарын 13-ны 16:00 цагт дуудаж уулзахад Дашцэрэн гэх хүн "Махны машин ажиллаад эхэлчихсэн, чи хоригдохоо мэдэж байгаа биз дээ, тохиролцъё" гэж сүрдүүлсэн. 

"Махны машин" гэдэг нь ямар учиртайг асуухад "Манай эзний хүсэл" гэж хариулсан. Эзэн нь хэн болохыг тодруулахад Амарсайхан сайд гэж хэлсэн юм. Тэр уулзалтаас гараад 10 минут ч болоогүй байхад над руу залгаж, байгаа газар чинь очъё гэж ирсэн. Камерын бичлэгийг ТЕГ-т эх хувиар нь өгсөн байгаа. Намайг эвлүүлэг хийсэн, улс төрийн захиалгатай гэж гүтгэж байгаа хүмүүстэй би хариуцлага тооцно.

Намайг Хөвсгөлд амарч байхад шөнийн цагаар С.Амарсайханы гомдлоор ирж байцаалт авсан. Өмгөөлөгч авах эрхээр хангаагүй бөгөөд прокурорын зөвшөөрөлгүйгээр миний утсанд нэгжлэг хийж, Вайбер болон чатуудыг маань үзсэн.

Мөн намайг 74-16 УНК улсын дугаартай машин байнга мөрдөж байна. Цонхыг нь тогшоод асуухад "Ажлаа хийж байна, мөрдөн байцаагчаасаа асуу" гэсэн. 

Мөрдөн байцаагч нь "Шалгалтын ажиллагаа явж байна" гэдэг бол хяналтын прокурор нь "Дээрээс өгсөн үүрэг" гэх тайлбарыг өгч байна. Гүтгэх асуудал нь хөнгөн гэмт хэрэгт тооцогддог атал яагаад ийм өргөн хэмжээний гүйцэтгэх ажиллагаа явуулж байгааг асуумаар байна. Хууль зүйн сайд хэрэг шалгах ажиллагаанд шууд оролцох эрхгүй. Тэрээр өөрийн эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж хуулийн салбарыг будилуулж байна.

Хэрэв би тэр хүнийг хэлээгүй юм бол яагаад хэргийг хэрэгсэхгүй болгохгүй байгаа юм бэ? Би Амарсайхан сайдтай нүүр тулж уулзаж, асуултдаа хариулт авмаар байна. Хууль дээдлэх ёс Хууль зүйн сайдаас өөрөөс нь эхлэх ёстой. Намайг айлган сүрдүүлж байгаа энэ үйлдэл бол эрүү шүүлт.

Би өөрийнхөө болон бусад олон хүний эрхийн төлөө эцсээ хүртэл явна. ЦЕГ-ын Мөрдөн байцаах газрын дарга над руу залгаж "Бичлэгээ устгахгүй бол ялын зүйл анги нэмнэ" гэж сүрдүүлсэн ч би устгахгүй. Өнөөдөр миний эрх зөрчигдөж байгаа бол маргааш өөр хэн нэгний эрх зөрчигдөх нь ойлгомжтой байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.