Хотын дарга асан Х.Нямбаатар өөрийг нь 38 удаа "хулгайч" гэж бичсэн хэмээн иргэн Г.Уянгаас 500 сая төгрөг нэхэмжилжээ
Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатар иргэн А.Уянгад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн талаарх мэдэгдлийг шүүхээс 9 дүгээр сарын 16-ны өдөр ирүүлжээ. Энэ нь Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн шүүхэд хянагдаж буй Х.Нямбаатарын зүгээс гаргасан гурав дахь нэхэмжлэл бөгөөд өмнөх нэхэмжлэлээсээ өөрөө татгалзаж байсан удаатай юм.
Нэхэмжлэгчийн зүгээс А.Уянга нь Туул голыг хамгаалах асуудлаар нийтэлсэн 126 постынхоо 38-д нь өөрийг нь "хулгайч" гэж нэрлэсэн, мөн бусдын бичвэрийг "ретвит" хийж дэмжсэн нь нэр төрд халдсан үйлдэл гэж үзжээ. Түүнчлэн эдгээр шүүмжлэл болон нөөцийн махны асуудал зэрэг шалтгаанаар Ерөнхий сайд түүнийг албан тушаалаас нь чөлөөлсөн, иргэд сонгогчид түүнийг хулгайч мэтээр хүлээн авч байгаа нь сэтгэл санааны хүнд дарамтад оруулсан гэж нэхэмжлэлд дурдсан байна.
Х.Нямбаатар нь нэр төр, алдар хүндэд учирсан хохирол гэж үзэн 500 сая төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаарджээ. Энэхүү мөнгөн дүн нь Хятадын "Хуай Юань" компанид урьдчилгаа болгож өгсөн гэх 500 тэрбум төгрөгийн 0.1 хувьтай тэнцэж байгаа юм. Гэтэл Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга тухайн компанийн тендерт ирүүлсэн материалууд хуурамч байсныг өмнө нь мэдэгдэж байсан бөгөөд ийм компанид олгосон мөнгөн дүнгээс өөрийн нэр төрийг хувьчлан үнэлж байгаа нь үндэслэлгүй гэж хариуцагч тал үзэж байна.
Туул голын онцгой бүсэд далан барьж, том гүүрэн байгууламж босгох төслийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээнд "Туул голд загас болон амьтны аймаг байхгүй" гэж тусгасан нь хууль бус дүгнэлт гэж иргэн А.Уянга тайлбарлалаа. Тэрээр 880 км урт Туул голын экосистемийг хамгаалах, 1.9 сая хүний усны нөөцийг хадгалж үлдэхийн төлөө иргэн хүнийхээ хувьд үзэл бодлоо илэрхийлсэн бөгөөд энэ асуудлаар зургаан сарын турш шүүхийн маргаантай байна.
Иргэний хэргийн шүүхийн процессын дагуу хариуцагч өөрөө нотлох баримтаа бүрдүүлэх үүрэг хүлээдэг нь иргэнд асар их цаг хугацаа, санхүүгийн дарамт учруулж байгааг тэрээр онцлов. Үүнээс гадна Байгаль орчны яамны холбогдох албан тушаалтан Алтанзул мөн нэр төрд халдсан гэх үндэслэлээр түүнийг шүүхэд өгчээ. Тухайн албан тушаалтан нь төслийн менежментийн төлөвлөгөөг шуурхай батлуулсан бөгөөд өөрөө Богд уулын дархан цаазат газарт 1.7 га газар эзэмшдэг асуудал нь иргэдийн анхаарлыг татаж байгаа юм.
Энэхүү шүүх үйл ажиллагааг иргэдийг айлган мохоох, эрх мэдэлтнүүдийн буруутай үйлдлийг шүүмжлэх зоригийг дарах зорилготой нийгмийн мессеж гэж хариуцагч тал харж байна. Төрийн шийдвэр судалгаан дээр суурилах ёстой атал нэг хүний үзэмжээр байгаль орчинд хохиролтой шийдвэр гаргаж байгааг зогсоох ёстойг тэрээр санууллаа. Мөн АТГ, Прокурор зэрэг хууль хяналтын байгууллагууд ажлаа хийхгүй байгаагаас иргэн хүн өөрөө мөрдөн шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулах хэмжээнд хүрч байгааг шүүмжлэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.