Б.Найдалаа: Энэ өвөл 350 мВатт эрчим хүч импортолж авна

Эрчим хүчний сайд Б.Найдалаа эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл танилцууллаа. 

Эрчим хүчний сайд Б.Найдалаа:

-Дулааны цахилгаан станцуудын хэмжээнд нийт 20 зууханд засвар хийхээс одоогийн байдлаар 9-ийг нь бүрэн дуусгаж, үлдсэн 11 зуухны ажил 35-85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Мөн засварт орох ёстой 12 турбогенераторын 8-ыг нь засаж дуусгасан бол үлдсэн 4 турбины ажил 80-85 хувьтай байна. Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил дунджаар 79 хувийн гүйцэтгэлтэйгээр батлагдсан хуваарийн дагуу явагдаж байгаа бөгөөд удахгүй бүрэн хангагдаж дуусна.

Мэргэжилтнүүдийн тооцоолсноор ирэх өвлийн оргил ачаалал 1956 МВт хүрэх төлөвтэй байна. Манай улсын суурилагдсан хүчин чадал 1836 МВт бөгөөд оргил ачааллын үед дотоодын дулааны цахилгаан станцуудаас 1410 МВт, салхины эх үүсвэрээс 30 МВт, уснаас 5 МВт, нар болон цэнэглүүрт хуримтлуураас 150 МВт-ыг тус тус гаргахаар төлөвлөж байна.

Дутагдаж буй 350 орчим МВт-ыг ОХУ болон БНХАУ-аас импортоор авахаас өөр аргагүй юм. Энэ хүрээнд БНХАУ-аас 80 МВт хүртэл эрчим хүч импортлох техникийн боломжийг бүрдүүлж, туршилтын ажлыг амжилттай гүйцэтгэсэн тул шаардлагатай үед урд хөршөөс нэмэлт эрчим хүч авах бэлтгэл бүрэн хангагдсан.

 ДЦС-3-ын хувьд 9 дүгээр зуухны засвар үргэлжилж байгаа бөгөөд 2028 оны 2 дугаар сард ашиглалтад орохоор байна. Харин 7 дугаар турбогенераторын засвар ирэх 12 дугаар сарын 15-нд дуусна. Мөн 2021 онд ашиглалтын хугацаа нь дуусаж, акт тогтоогдсон 5 дугаар турбогенераторыг шинэчлэхэд зориулж ирэх оны төсөвт 37 тэрбум төгрөг тусгалаа.

Түүнчлэн ОХУ-тай хамтран ДЦС-3-ын хүчин чадлыг 300 МВт-аар нэмэгдүүлэх өргөтгөлийн зураг төслийн гэрээг байгуулсан. Зураг төсөл бэлэн болсноор ажлын өртөг болон хоёр улсын хамтын ажиллагааны хэлбэр тодорхой болж, олон жил гацсан энэхүү төсөл урагшлах боломж бүрдэж байна.

Эх үүсвэрийг нэмэгдүүлэх хүрээнд ДЦС-4-т 100 тоннын хүчин чадалтай шинэ зуух барихаар төлөвлөж, санхүүжилтийг Хөгжлийн банкны зээлээр шийдвэрлэхээр ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар дулааны эрчим хүчний хангамж хүчин чадлаасаа 50 хувиар хэтэрсэн ачаалалтай байгаа нь тоног төхөөрөмжид эрсдэл учруулахаас гадна үйлчилгээний чанарт сөргөөр нөлөөлж байна.

Улаанбаатар хотын өргөжин тэлэлт, орон сууцжуулалтыг дэмжихийн тулд ДЦС-5, ДЦС-6 болон Амгалан дулааны станцын өргөтгөлийн төслүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Шаардлагатай тохиолдолд ДЦС-7-г барих асуудлыг ч судалж байна.

Сүүлийн үед зарим гишүүдийн зүгээс "турбин, зуух дэлбэрэх гэж байна" гэх мэт үндэслэлгүй, ташаа мэдээлэл хийж байгаа нь хариуцлагагүй үйлдэл юм. Эрчим хүчний салбарт олон мянган инженер техникийн ажилтнууд тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг ханган, байнгын хяналт дор ажиллаж байна. Тоног төхөөрөмжүүд хуучирсан хэдий ч бид боломжит хэмжээгээр засвар үйлчилгээг чанартай гүйцэтгэж байгаа тул өвөлжилтийн бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу хэвийн үргэлжилж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.