Эрдэнэт үйлдвэр оны эхний 9 сард үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтүүдээ 100-аас дээш хувиар биелүүлэн ажиллаж байна
Эрдэнэт үйлдвэрий удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн цаг үеийн асуудлаар хуралджээ. Оны эхний 9 сард Эрдэнэт үйлдвэр үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтүүдээ 100-аас дээш хувиар биелүүлэн ажиллаж буйг Үйлдвэрлэл, техникийн хэлтсээс мэдээллээ.
Он гарсаар нийт 26901 мянган метр куб уулын цул гаргаж, төлөвлөгөөг 105.2 хувь,13663 мянган метр куб хөрс хуулалтын ажил гүйцэтгэн, төлөвлөгөөг 107.2 хувь,34847 мянган тонн хүдэр олборлож, Баяжуулах үйлдвэрт 30745 мянган тонн хүдэр өгч, төлөвлөгөөт үзүүлэлтүүд 102.7-103.2 хувиар биелжээ
Нийт хүдэр олборлолтын 4102 мянган тонныг нь исэлдсэн хүдэр эзэлж байгаа бол өрөмдлөг 524720 тууш метрт хүрч төлөвлөгөө 100.1 хувиар биелжээ. Ачаа эргэлт 281408 мянган тонн километр буюу 105 хувиар төлөвлөгөө давж биелсэн байна. Баяжуулагчид оны эхнээс 30615 мянган тонн хүдэр боловсруулан төлөвлөгөөгөө 102.3 хувиар биелүүлж, хүдэр дэх зэс, молибдены агуулгын төлөвлөгөөг 103 хувьд хүргэлээ. Түүнчлэн метал авалт, баяжмал гаргалт, ачилтын төлөвлөгөө 106 хүртэл хувиар биелсэн.


Нийт 445681 тонн зэсийн баяжмал, 2593 тонн молибдены баяжмал экспортод ачуулжээ. Өнгөрсөн 9 дүгээр сарын төлөвлөгөө амжилттай биелж, уулын цул гаргалт, хөрс хуулалт зэрэг уулын ажлууд 110-123 хүртэл хувиар биелж буй үзүүлэлт гарчээ.
Энэ сарын 2-3-ны өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч, Эрдэнэт үйлдвэрт ажиллахдаа бүтээн байгуулалтын ажлуудтай биечлэн танилцаж, ажилтнуудын төлөөлөлтэй уулзсан. Үүнтэй холбогдуулан үйлдвэрийн үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрүүдийн явцын талаар танилцуулах болон бусад бэлтгэл ажлыг хангаж ажилласан тухай Хүний нөөц, захиргааны хэлтсээс мэдээлжээ.
Эрдэнэт үйлдвэрийн баримт бичгийн шийдвэрлэлт өнгөрсөн 9 сард 86.5 хувийн үзүүлэлттэй байгаа бөгөөд бүтцийн нэгжийн удирдах ажилтнууд баримт бичиг, тушаал тогтоол шийдвэрлэлтийн биелэлтийг хугацаанд нь цахимаар бүртгүүлж, хамтран ажиллахыг хэлтсийн дарга О.Отгонбаяр анхааруулав. Шинэ долоо хоногт Баянхонгор аймгийн Баянгол сумын ИТХ-ын төлөөлөгчид Эрдэнэт үйлдвэртэй танилцаж, Засгийн газрын тогтоолын дагуу төрийн архивын улсын үзлэг эхлэх зэрэг үйл явдлууд болох юм байна.
Энэ сарын 15-нд Ил уурхайд нэвтрүүлж буй Мөчлөгт урсгалт тээврийн технологи төслийг бүрэн ашиглалт оруулахаар улсын комисс ажиллана. Үүний бэлтгэлийг өндөр түвшинд хангахыг Ерөнхий инженер Т.Батмөнх чиглэл болгожээ. Мөн Баяжуулах үйлдвэрийн Өндөр даралтат булт нунтаглагч буюу HPGR технологи нэвтрүүлэх төслийн барилга байгууламжийн угсралт эхэлж буй тул хүйтрэхээс өмнө төлөвлөгөөт ажлуудыг гүйцэтгэх, Хаягдлын аж ахуйн далангийн хүчитгэлийн ажлыг шуурхайлах зэрэг бүтээн байгуулалтуудын ажлуудаа эрчимжүүлж ажиллах үүрэг даалгавар өглөө.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.