Хэргийг нь шалгаж эхлэнгүүт хуулийнхныг муухай харагдуулах тактык руу шилжив үү?
"Нүүрсний бүлэглэл" болон хууль бус үйлдэлтэй эрх мэдэл, албан тушаалдаа эрдсэн хүмүүс амь тавихынхаа өмнө хууль, хүчний байгууллагуудыг харлуулах технологи "хутгаж" байгаа бололтой. Тодруулбал, өөрсдийгөө гэм зэмгүй, гүтгэлэгт автчихлаа гэх мэдээллийг олон нийтэд түгээж өөрсдийгөө өрөвдүүлэхээр зэхжээ.
Одоогоор "Херо"-гийн Б.Баатарыг залилах, мөнгө угаах гэмт хэрэгт яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагаа явуулж, түүнийг прокуророос 30 хоног цагдан хориод байгаа. Үнэн хэрэгтээ Б.Баатарт холбогдох хэргийг холбогдох байгууллага нь "боочихсон", өөрөө ч танилцчихсан юм билээ.
Мөн Хотын дарга асан Х.Нямбаатарыг "Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах" гэх үндэслэлээр яллагдагчаар татсан.
Түүнээс өмнө нэгдүгээр орлогчоор нь ажиллаж байсан Т.Даваадалайг албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр яллагдагчаар татаж, хорьж байгаад суллаж, одоо хилийн хориг тавьчихсан байгаа.
Одоогийн Шадар сайд Н.Номтойбаярын хамаарал бүхий компани шүүхийн шийдвэрээр 53 тэрбум төгрөгийн төлбөр төлөх ёстой ч гүрийсээр яваа нь ил болсон.
Энэ мэтчилэн гэмтнүүд гэгээрсэн Богд шиг цэвэрхэн үлдэж, олон нийтэд буруу ойлголт өгөхийн тулд хэвлэлийн хурал зарлаж, хэнээр ч хамаагүй өмөөрүүлэхийг урьтал болгосоор байна. Тиймээс хуулийнхан нэгэнт "акул"-уудтай зууралдсан бол шударга ёсыг сахиулан "дабль стандарт" үйлчилдэггүй болохыг харуулах хэрэгтэй байна
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.