Б.Баярбаатар: Монгол охиныг гадаадад аваачиж хүчиндүүлсэн бодит жишээ байна
УИХ-ын байнгын хороодын хурал дээр Хүний эрхийн асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баярбаатар Эпстенйний асуудлыг хөндөж, хүүхдийн хүчирхийллийн асуудалд анхаарах ёстойг онцоллоо.
УИХ-ын гишүүн Б.Баярбаатар:
-Хоёр хоногийн дараа болох нээлттэй сонсголтой холбогдуулан намайг олон нийтийн дунд үндэслэлгүйгээр харлуулж, доог тохуу болгох хандлага газар авч байна. Жеффри Эпстейн гэх хүнтэй холбоотой асуудлаар Монгол Улс дэлхийд 20 дахь улс болон сонсгол хийж байгаа нь түүхэн ач холбогдолтой юм.
Би тухайн хүний хувийн амьдралыг бус, харин түүний үйлдлээс үүдэлтэй хүний эрхийн ноцтой зөрчлүүдийг хөндөж, гурван үндсэн чиглэлээр байр сууриа илэрхийлж байна. Нэгдүгээрт, монгол эмэгтэйчүүд, охид гадаад улсад бэлгийн мөлжлөгт өртөж, хүчирхийлүүлсэн бодит баримтууд ил боллоо. Хүний эрхийн үндэсний комисс болон асрамжийн газрууд хүүхэд үрчлүүлэх асуудалд дэндүү хариуцлагагүй хандаж, ямар ч бүртгэл хяналтгүйгээр хүүхдүүдийг гаднынханд шилжүүлж байна.
Өнчин охидыг садар самуун сурталчилгаанд ашиглах тухай асуудал яригдаж байгаа нь манай нийгмийн хамгааллын тогтолцоо ямар түвшинд хүрснийг илтгэж байна.
Хоёрдугаарт, энэ хүний нөлөөгөөр "Дубайн гэрээ" гэгч батлагдаж, Монгол Улс өдөр бүр асар их хэмжээний хүүгийн өрөнд орсон асуудлыг анхаарах ёстой. Тэдний манай улсыг сонирхох гол шалтгаан нь ерөөсөө л байгалийн баялаг байсан нь судалгаагаар тодорхой байна. Энэ бол зөвхөн нэг хүний асуудал биш, улс орны эдийн засгийн аюулгүй байдалтай шууд холбоотой сэдэв юм.
Гуравдугаарт, Монгол Улсын тусгаар тогтнол, төрийн нууц, сонгуулийн халдашгүй байдал алдагдсан байна. Төрийн "маш нууц" зэрэглэлтэй бичиг баримтууд хувь хүмүүсийн мэйлээр дамжин гадаадын иргэдэд дур зоргоороо очдог байсан нь тогтоогдлоо. Ийм илэрхий зөрчлүүд байхад манай хууль хяналтын байгууллагууд өнгөрсөн хугацаанд яагаад ажиллаагүй, юу тэдэнд саад болоод байсныг нэн даруй тодруулах шаардлагатай байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.