Б.Ялалт: NBA-г зорин гарсан Монгол хүүгийн аялал үргэлжилсээр байна

Б.Ялалт: NBA-г зорин гарсан Монгол хүүгийн аялал үргэлжилсээр байна

Ш.Энхийн-Од NBA албан ёсны гэрээ байгуулсан анхны монгол тамирчин боллоо. Энэ талаар спортын сэтгүүлч Б.Ялалт өөрийн цахим хуудасдаа "NBA-г зорин гарсан Монгол хүүгийн аялал үргэлжилсээр байна" хэмээн бичжээ.

Спортын сэтгүүлч, тайлбарлагч Б.Ялалт:

Орландо Мэжик багийн сагсан бөмбөгийн үйл ажиллагаа хариуцсан ерөнхийлөгч Жефф Уелтмэн чөлөөт агент тоглогч Майк Шаравжамцтай гэрээ байгуулсан болохыг мэдэгдэв. Ингэснээр Монгол Улсын төрийн далбаа NBA-н газрын зураг дээр зөвхөн телевизийн дамжуулагч орон биш, харин тоглогч импортлогч орон болж буй үйл явдал болж, анхны түүхэн баримт бичигдэв.
 
Ш.Энхийн-Од эдгээр өдрүүдэд Орландо Мэжик багийн үндсэн бүрэлдэхүүний хамтаар бэлтгэл хийж байна. Багийн хувцас солих өрөөнд ороод Франц Вагнер, Паоло Банкеро, Энтони Блэк гээд NBA-н шилдгүүдтэй зэрэгцэн сууж хувцасаа сольж, талбайд гарч бэлтгэл хийж байна. Түүнд аз жаргалыг мэдрүүлж буй эдгээр хором мөчүүд цаашдаа илүү их хичээх ёстойг сануулсан, амтлуулсан мөч болж үлдэх юм.
 
Учир нь Майк Шаравжамцтай байгуулсан гэрээ Exhibit 10 буюу 10 өдрийн гэрээ юм. Эх сурвалжийн мэдээлснээр Орландо Мэжик баг Майктай 10 өдрийн гэрээ байгуулснаар энэ зуны турш нийтдээ 60 хоног хамтарч ажилласан болох бөгөөд ингэснээр урамшуулал өгөх үүргийг дүрмээрээ хүлээж байгаа юм. Энэ мөнгөөр тэд Майк Шаравжамцын G League-н багт тоглох цалинг дүрмэнд заасан боломжийг ашиглан нэмж байгаа гэсэн үг юм.
 
10 өдрийн гэрээ дуусгавар болмогц Орландо Мэжик багийн хөгжлийн лигийн баг болох ОСЕОЛА МЭЖИК баг Майктай гэрээ байгуулах бөгөөд ирэх улиралд тус багийн өмнөөс тоглохоор болж байна.Ингэснээр Энхийн-Од маань NCAA-н 1-р дивизонд тоглосон анхны Монгол, Nike Hoop Summit-д уригдаж тоглосон анхны Монгол, NBA-н зуны лигийн гэрээ байгуулж, талбайд гарсан анхны Монгол, NBA-н гэрээ болон G League-н гэрээ байгуулсан анхны Монгол боллоо.
 
NBA-н 30 баг бүгд G лигийн багтай бөгөөд тэнд дээшээ гарч стандарт гэрээтэй болохын төлөө байгаа бүхнээ шавхсан 500 залуу өөрийн боломжийг хүлээн өрсөлдөнө. Илүү харгис, илүү биеийн хүчний тоглолттой, илүү өлсгөлөн аргаар тэд энэ боломжийг авах гэж хүлээж буй. Майк тэдний нэг болж, мөрөөдөлдөө хүрэхэд дахиад нэг алхам ойртож байна.G лигт өрсөлдөж буй олон залуус дэлхийн бусад орнуудын лигт тогловол хамаагүй илүү цалин авах боломжтой. Жилийн 50,000$ гэдэг бол импортоор тоглох боломжтой тоглогчдын хувьд маш бага цалинд тооцогдох болохоор зөвхөн зорилгодоо хүрэхийг илүүд үзэж золиос гаргаж байгаа хэрэг.
 
Хэдий тийм боловч нэгэн Монгол хүү, нэгэн Монгол гэр бүл, нэгэн Монгол үндэстний хүсэл мөрөөдлийн түүчээ болсон залуу маань зорилгодоо нэг алхам ойртсон түүхэн үйл явдлыг бид гэрчилж байна. Зорилгынхоо төлөө тууштай яваа Энхийн-Оддоо, хүүгийнхээ төлөө зүрхээ ч өгөхөд бэлэн аавд нь, эх орныг нь дэргэд нь аваад очдог ээжид нь, дүүгийнхээ найз, ар тал, заримдаа дүү нь болчихсон явдаг ахад нь баяр хүргэе.
 
Гэр бүлийн олон жилийн зорилго биелж буйг дэргэдээс нь хараад ингэж их жаргал мэдэрч байхад, өөрсдөө ямар жаргалтай байгааг төсөөлөхчгүй байна. Гэхдээ бидний Майктай хамт хийж буй аялал дуусах биш, дөнгөж эхэлж байна. NBA-н босго бас ийм өндөр гэдгийг бид ч анх удаа л мэдэрч байна хэмээн бичжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.