Ардчилсан намын “Монголоо өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөн нь улс орон даяар амжилттай үргэлжилж байна
Ардчилсан намын “Монголоо өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөний нээлтийн арга хэмжээ Завхан аймагт өнөөдөр /2026.10.14/ боллоо. Нээлтийн арга хэмжээнд Ардчилсан намын Дарга О.Цогтгэрэл, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн Дарга Б.Түвшин, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Л.Гантөмөр, Завхан аймгийн Ардчилсан намын дарга Б.Эрдэнэбаатар, Үндэсний бодлогын хорооны гишүүн З.Нарантуяа, Б.Төрмөнх, Б.Батхуяг болон бусад төлөөлөл оролцлоо.
Завхан аймгийн Ардчилсан намын Дарга Б.Эрдэнэбаатар үндэсний хөдөлгөөнийг нээж хэлсэн үгэндээ “Завхан аймгийн 24 сум, 116 багт хүрч ажиллан, нийт 20 мянган өрхийн санал хүсэлтийг сонсож, орон нутагт тулгамдаж буй асуудлыг бодитой тодорхойлон, шийдэл боловсруулах зорилт тавин ажиллаж байна. Ардчилсан намын зорилго бол зөвхөн сонгуульд ялалт байгуулах бус, иргэдийнхээ итгэлийг дааж, тэдний хүсэж буй өөрчлөлтийг бодит ажил хэрэг болгох явдал юм. Иргэдээ сонсдог, орон нутгийн онцлогт нийцсэн бодлого боловсруулдаг, цомхон бөгөөд үр ашигтай төрийг бий болгох ёстой” гэв.
Ардчилсан намын Дарга О.Цогтгэрэл “Ардчилсан нам иргэдийнхээ дуу хоолойг сонсож шийдлийг хамтдаа боловсруулах зорилгоор “Монголоо өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлж байна. Энэхүү хөдөлгөөн нь зөвхөн иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонсоод өнгөрөх ажил биш юм. Харин иргэдийн дэвшүүлсэн санал, шийдлийг нэгтгэн, бодит бодлого, хөтөлбөр болгон хэрэгжүүлэхэд чиглэж байгаа юм.
Өнөөдрийн байдлаар AN.mn сайтаар дамжуулан 29,800 иргэн өөрийн санал бодол, хүсэлт, шийдлээ илэрхийлээд байна. Энэ бол иргэд улс орондоо өөрчлөлт хийхийг хүсэж байгаагийн зэрэгцээ тэрхүү өөрчлөлтөд өөрсдөө оролцох эрмэлзэлтэй байгааг харуулж байна. Тэгвэл бидний хийх өөрчлөлт юунд чиглэх ёстой вэ, ямар үр дүн авчрах ёстой вэ гэдэг асуултад зайлшгүй хариулах хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд бид түүхий эдээ экспортолж, олсон орлогоо төрөөр дамжуулан халамжид хуваарилж ирлээ.
Тиймээс бид ядуурлыг бууруулж, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхийн тулд бүтээдэг эдийн засагтай болох ёстой.
Төр нь халамжаар хязгаарлагдах бус, иргэдээ хөгжилд хөтөлж, хөдөлмөрлөж амжилтад хүрэх боломжийг нь бүрдүүлдэг байх хэрэгтэй. Өөрчлөлт гэдэг бол зөвхөн үг, уриа биш. Иргэдийн амьдралд мэдрэгдэх бодит үр дүн юм. Тиймээс бид иргэдийнхээ дуу хоолойг сонсож, хамтдаа шийдэл боловсруулж, бүтээдэг Монгол Улсыг бий болгохын төлөө ажиллах ёстой” хэмээн ярилаа.
Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Сэтгэл зүрх байвал улс орныг өөрчилж чадна. 2005 онд намайг Сангийн сайд байхад улсын төсөв нэг их наяд төгрөгт ч хүрэхгүй, 800 тэрбум төгрөг орчим байсан. Харин дараа нь намайг Ерөнхий сайд болоход улсын төсөв 6 их наяд төгрөгт хүрсэн байлаа. Тэр үед бид төсвийн зардлыг хэмнэж, 73 тэрбум төгрөгийг хэмнэж байсан түүхтэй. Энэ нь улсын төсөвт хэмнэлт хийж, төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах чиглэлд гарсан онцлох үйл явдал байсан юм. Гэтэл өнөөдөр эрх баригч МАН 30 их наяд төгрөгийн төсвийг 40 их наяд төгрөгт хүргэхээр зорьж байна. Төсвийн хэмжээ нэмэгдэж байгаа ч улс орны хөгжил, иргэдийн амьдрал огт сайжирсангүй. Монгол Улс мөнгөгүйдээ биш, МАН-д хийж бүтээх хүсэл тэмүүлэл алга” гэв.

May be an image of text
УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Монголд үг хэлдэг хүмүүсийг эрх баригчид хорьж байна. Эзэрхийлэл Монгол Улсад амь оржээ. Ийм нөхцөлд ард түмэн ухаантай, хэрсүү байж, өөрсдийн эрх, эрх чөлөө, ардчиллын үнэт зүйлсээ хамгаалах ёстой. Боловсролтой, мэдлэгтэй ард түмэн л нийгэмд бодит өөрчлөлт авчирч чадна. Тиймээс өнөөгийн улс төрийн нөхцөл байдлыг өөрчлөх, иргэд эрх баригчдын бодлого, үйл ажиллагаанд хариуцлага тооцох гол боломж нь 2027, 2028 оны сонгууль юм.
Түүнчлэн өөрчлөлт шинэчлэлтийг бодит ажил хэрэг болгохын тулд Ардчилсан намынхан хамтдаа байж, нэг зүг рүү харж, иргэдийнхээ итгэлийг даахуйц нэгдмэл хүч болон ажиллах хэрэгтэй” гэв.

May be an image of text
Үргэлжлүүлэн УИХ дахь Ардчилсан намын бүлгийн Дарга Б.Түвшин “Монгол Үндэстэн угсаатны оюун санааны үнэт зүйлс” сэдвээр илтгэл тавьсан бол Хэрэг эрхлэх ерөнхий газар хариуцсан Нарийн бичгийн дарга Л.Эрдэнэбулган, Олон нийттэй харилцах бодлого хариуцсан Нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж нар улс орон даяар хэрэгжиж буй “Өөрчилье, Бүтээе” үндэсний хөдөлгөөний зорилго, хэрэгжилт, орон нутагт зохион байгуулах ажлын талаар мэдээлэл өгөөд “Үндэсний хөдөлгөөний амин сүнс нь иргэн таны an.mn сайтад өгөх санал юм шүү” гэдгийг онцлов.

May be an image of text
Үндэсний бодлогын хорооны гишүүн З.Нарантуяа, Б.Төрмөнх, Б.Батхуяг нар улс орны хөгжил, өөрчлөлт шинэчлэлт зөвхөн төр, улс төрийн намын түвшинд яригдаад өнгөрөх бус, иргэн бүрийн оролцоо, санал санаачилгад тулгуурлан хэрэгжих ёстойг онцоллоо.
Түүнчлэн Ардчилсан намын удирдлагууд Ардчилсан намд шинээр элссэн залууст “Ардчиллын Гэрэгэ”-г гардууллаа.

May be an image of text
Ийнхүү намын дотоод зохион байгуулалт, гишүүдийн оролцоо, эв нэгдлийг бэхжүүлэх, иргэдтэй хийх уулзалт, орон нутгийн асуудлыг тодорхойлох, цаашдын үйл ажиллагааг нэгдсэн зохион байгуулалтаар хэрэгжүүлэх чиглэлээр санал солилцов.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.