Иргэн: Оюу толгойн ногдол ашгийг иргэдэд тараавал инфляцийн түвшин 13 хувиас 20 хувь хүрэх эрсдэл үүснэ
Монгол Улсын Засгийн газар 17 жилийн дараа "Оюу толгой" төслөөс ногдол ашиг хүртэхээр болсонтой холбогдуулан иргэдийн дунд санал асуулга явуулж эхэллээ. Үүнтэй зэрэгцэн "Баялгийн эзэд" хөдөлгөөнөөс ногдол ашгийг иргэдийн дансанд бэлэн мөнгө хэлбэрээр олгох шаардлага тавьж, төв талбайд жагсаал зохион байгууллаа. Харин иргэд ямар байр суурьтай байгааг тодрууллаа.
Иргэд:
Ногдол ашгийн зарцуулалтын талаар иргэд өөр өөр байр суурьтай байна. Зарим иргэдийн хувьд хөрөнгийг бэлэн мөнгөөр тараах нь инфляцыг хөөрөгдөх эрсдэлтэй гэж үзэж байна.
Одоогийн 13 хувьтай байгаа инфляцын түвшин 20 хувьд хүрэх аюултай тул бэлэн мөнгө олгохын оронд иргэн бүрийн нэр дээр хуримтлал үүсгэх нь зүйтэй гэсэн санал хэлж байна.
Мөн төрийн мэдэлд хөрөнгийг төвлөрүүлж, төсөл хөтөлбөр санхүүжүүлэх нь тендерийн хулгай гарах нөхцөлийг бүрдүүлдэг тул үүнийг дэмжихгүй гэдгээ илэрхийллээ. Нөгөө хэсэг иргэд ногдол ашгийг шууд бэлэн мөнгөөр авах сонирхолтой байна. Тэдний тайлбарлаж буйгаар, иргэдийн амьдрал хүнд, өр зээл их байгаа тул эхний ээлжид бэлэн мөнгөөр олгож, амьжиргаанд нь дэмжлэг үзүүлэх шаардлагатай гэж үзэж байна.
Төрөөс хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд эргэлзэж буй иргэд "Дараагийн ээлжийн ашгаа улс орны хөгжилд зарцуулж болно, харин энэ удаад иргэддээ шууд хүртээх хэрэгтэй" гэсэн байр суурьтай байна.
Түүнчлэн бэлэн мөнгө тараах нь түр зуурын хэрэглээ болоод дуусдаг өмнөх туршлагыг сануулж, урт хугацааны үр ашигтай салбарт хөрөнгө оруулах нь зөв гэх иргэд ч байна.
Тэд их хэмжээний мөнгийг сургууль, цэцэрлэг барих зэрэг нийгмийн дэд бүтцэд зарцуулах эсвэл ирээдүйн санд төвлөрүүлж, стратегийн ач холбогдолтой асуудлуудыг шийдвэрлэхэд ашиглах нь зүйтэй гэж үзэж байна.
Иргэдийн зүгээс ногдол ашгийн зарцуулалтын асуудлыг олон нийтээр нээлттэй хэлэлцүүлж, олонхын саналаар шийдвэрлэх нь зүйтэй гэдгийг онцоллоо. Төрийн зүгээс бүтээн байгуулалт нэрээр хөрөнгийг үр ашиггүй зарцуулах вий гэсэн болгоомжлол иргэдийн дунд өндөр байгаа бөгөөд баялгийн үр шимийг иргэн бүрт бодитой хүртээх механизмыг бүрдүүлэхийг шаардаж байна.
Харин УИХ-ын гишүүдийн байр суурийг тодруулахад...
УИХ-ын гишүүн Ч.Ундрам:
Бид өмнө нь Оюу толгой төслөөс ногдол ашиг авч байгаагүй. Энэхүү ногдол ашиг нь Эрдэнэс Тавантолгой шиг иргэдэд шууд тараах хувьцаа биш, харин төрийн эзэмшлийн хувь юм. Төр урт хугацааны бодлогынхоо дагуу улс оронд тулгамдаж буй эрчим хүч, боловсролын салбар зэрэг чухал төсөл хөтөлбөрүүдэд энэ хөрөнгө оруулалтыг хийх ёстой гэж үзэж байна. Ирээдүйд орох өгөөж нь бидэнд илүү чухал.
Улс төрчдийн хувьд иргэдэд таалагдахын тулд популист амлалт өгөх нь амархан. Гэвч бид бодит байдлыг харж, урт хугацааны үр өгөөжөө бодох нь улс орны ирээдүйд нэн чухал байна.
УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа:
Иргэдийн дансанд бэлэн мөнгө тарааж болох ч маргааш нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ хэрхэн өсөхийг таашгүй. Тэнгэрт тулсан үнийн өсөлтийг бид эргүүлээд буулгаж чадахгүй.
Манай улсын туршлагаас харахад улс төрийн шийдвэрээр иргэдийн гар дээр бэлэн мөнгө очсоны дараа өссөн үнэ хэзээ ч буурч байгаагүй.
Энэ бол инфляцаа алдах гол эх үүсвэр болдог. Тиймээс бэлэн мөнгө тараахаас илүүтэй зөв менежмент хийх нь чухал бөгөөд энэ чиглэлээр ард иргэдээсээ санал асуулга авч байгааг зөв гэж харж байна. Эдийн засгийн тогтвортой байдлыг хангахын тулд бид сэтгэл хөдлөлөөр бус, тооцоо судалгаатай хандах учиртай.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.