Иргэн: 2-3 цаг дугаарлаж байж шатахуун авч байна. Ажил хийх цагаа бензин авахад л зарцуулж байна
Өглөөний 08:40 цагийн байдлаар Сансарт байрлах "Петровис" шатахуун түгээх станцад иргэд 1-2 цаг дараалан дугаарлаж, шатахуун авч байна. Тус салбарт энгийн АИ-92 шатахуун дууссан бөгөөд зөвхөн Евро төрлийн шатахууныг литр тутамд нь 4980 төгрөгөөр худалдаалж байгаа юм. Шатахуун авахаар дугаарлаж буй иргэдийн ихэнх нь савныхаа тал хүртэл шатахууны үлдэгдэлтэй байхдаа очерлож байна.
Иргэд:
Өглөөний 07:00 цагаас хойш гурван цаг орчим дугаарлаж буй иргэн нөхцөл байдлын талаар хэлэхдээ: "Хувийн ажилтай тулдаа л зохицуулж байна. Албаны ажилтай байсан бол аль хэдийн хоцрох байлаа. Өнөөдөр машин явдаггүй өдөр тул өглөө эрт гарч ирээд очерлоод сууж байна. Ямар учиртай ийм нөхцөл байдал үүсээд байгааг ойлгохгүй байна.
Очерлоод ч хамаагүй авч байвал яах вэ, гэтэл лимит тогтоож, карт тараана гэх мэтээр хуучны үе шиг зүйл ярьж байгаа нь хэцүү байна. Төр засаг яагаад ийм байдалд хүргэж байгааг хэлэх үг олдохгүй байна" гэлээ. Мөн өглөөний 06:30 цагт ирсэн иргэн одоог хүртэл дугаарласаар байгаа бөгөөд түүний өмнө 5-6 машин үлдсэн байна. Тэрээр нийт гурван цаг орчим хүлээж байгаагаа хэллээ.
Өглөө 07:20 цагт ирсэн өөр нэгэн иргэн: "Одоо хоёр цаг орчим болж байна. Шатахуун түгээх станцыг бүтэн тойроод очерлож байна. Ажлын шаардлагаар машинаар байнга явдаг учраас долоо хоног бүр ингэж 1-2 цаг дугаарлах нь хэвшил боллоо. Манай ажлынхан орой ажлаа тараад очерлодог, миний хувьд өглөө хүүхдээ сургуульд нь өгчихөөд л шууд очерт зогсож байна. Ажлаа хийх ёстой цагтаа энд цаг алдаж байгаа нь хүнд байна.
Эртхэн ажлаа дуусгаад харимаар байдаг ч ийм байдлаас болоод цаг хугацаа хойшоо сунаад байна" хэмээн ярилаа. Хөдөө явахаар төлөвлөж буй иргэн 07:30 цагт ирсэн бөгөөд нэг цаг гаруй хүлээж байна. Тэрээр: "Евро-5 шатахуун өгч байгаа юм байна. Банк дахь шатахуун бараг дуусаж байсан тул ирж дугаарлалаа. Хязгаарлалтгүй өгч байгаа учраас авахаас өөр арга алга" гэсэн мэдээллийг өглөө.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.