Н.Энхбаяр: Их засаг хууль баримтаар үлдсэн нь тодорхой
Их Засаг ба Хууль засаглахуй эрдэм шинжилгээний хуралдаан дээр Монгол Улсын 3 дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр "Дэг журам ба хууль: Pax Mongolica, Их засаг, Хар хорум илтгэл тавьсан юм. Түүний илтгэлийн гол агуулга юу байсныг онцлон хүргэж байна.
Монгол Улсын 3 дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр: Их Засаг хууль бол Монголын төрт ёсны хамгийн анхны засаглалын хэлбэр төдийгүй Үндсэн хуулийн шинжтэй цогц баримт бичиг юм.
-Эрдэмтэн судлаачдын дунд Их засаг хууль бодитоор байсан эсэх, эх хувь нь үлдсэн үү гэх мэт маргаан байнга өрнөдөг. "Монголын нууц товчоо"-нд тэмдэглэснээр, Чингис хаан Шихихутагт зарлиг буулгаж, улсын бүхий л зарга, шийдвэрүүдийг цагаан цаасан дээр хөх бэхээр бичиж тэмдэглэхийг үүрэг болгосон байдаг. Үүнийг "Хөх дэвтэр" хэмээн нэрлэдэг бөгөөд Их Засаг хуулийн эх сурвалж гэж үздэг. Хэдийгээр эх хувь нь цаг хугацааны явцад үрэгдсэн ч түүхэн сурвалжуудад тодорхой тэмдэглэгдсэн тул байсан гэдэг нь эргэлзээгүй юм.
Их Монгол Улс задарч Цагаадайн улс, Зүчийн улс, Ил хаадын Улс болон Юань гүрэн байгуулагдахад Их Засаг хуулийн үндсэн зарчмууд эдгээр улсуудад салбарлан хэрэглэгдэж байв.
Тухайлбал, Ил хаадын болон Цагаадайн Улсад Исламын шашны Шариатын хуультай, Юань гүрэнд Хятадын хууль цаазтай, мөн Солонгос зэрэг орнуудад тухайн нутгийн онцлогтой хослон хэрэгжиж байсан түүхэн баримтууд бий.
Их Засаг хуулийг заавал нэг биет ном гэж хайх шаардлагагүй юм. Дэлхийн бусад орны жишээг харвал, Англи улсад нэгдмэл нэг Үндсэн хууль байдаггүй ч мянган жилийн өмнөх "Магна Карта"-аас эхлээд бусад чухал эрх зүйн баримт бичгүүдийн нэгдлийг Үндсэн хууль гэж үздэг. Франц улсад ч мөн адил 1789 оны Хүний эрхийн тунхаглал болон бусад суурь хуулиудыг Үндсэн хуулийн цогц бүрэлдэхүүн гэж үздэг бол Израил улс олон жижиг хуулиудын нэгдлийг Үндсэн хуульдаа тооцдог. Үүнтэй адил Их Засаг хуулийг бичигдсэн болон бичигдээгүй ёс заншил, залгамж улсуудын хууль тогтоомж, түүхэн сурвалжуудын нэгдэл буюу "Үндсэн хуулийн цогц" гэж үзэх нь зүйтэй.
Монголчууд түүхийнхээ тодорхой хэсгийг орхигдуулах бус, харин энд тэнд үйлчилж байсан бүхий л хууль цааз, бичигдсэн болон бичигдээгүй эх сурвалжуудаа цуглуулан "Их Засаг" хэмээх нэгдсэн цогц болгон хэвлэн нийтлэх нь чухал юм. Энэ нь бидний түүхэн ой санамжийг сэргээж, төрт ёсны уламжлалаа баталгаажуулахад томоохон хувь нэмэр болно.
Хархорум хот бол Их Засаг хуулийн хэрэгжилт, төрийн гол шийдвэрүүд гардаг төв байсан. Өгөдэй хааны үеэс эхлэн Их Хуралдайг Хархоринд зохион байгуулдаг болсноор хаан ширээнд залах, дайн байлдаан хийх, аравтын зохион байгуулалт зэрэг төрийн чухал шийдвэрүүд энд гарч, хууль болон батлагддаг байв.
Манай хаад өвөг дээдсээс уламжилсан хуулиа дахин баталгаажуулж, бусдын үзэмжээр нэмсэн буруу зохицуулалтыг хүчингүй болгох замаар Их Засаг хуулийн язгуур чанарыг хадгалж ирсэн.
Их Засаг хууль бол нэг удаа батлагдаад зогссон хөшүүн баримт бичиг биш, цаг хугацааны явцад байнга баяжиж ирсэн "амьд" хууль байсан юм.
Чингис хааны үеийн "Хөх дэвтэр"-ээс эхлээд залгамж улсуудын хууль тогтоомж хүртэлх бүх сурвалжийг нэгтгэвэл Их Засаг хэмээх агуу түүхэн цогц бодитоор бий болно. Тиймээс түүхэн баримт, ёс заншлаа нэгтгэн босгож ирэх саналыг дэвшүүлж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.