УИХ-ын гишүүн Д.Рэгдэл: Бид дэлхий дээр тусгаар тогтносон улсын иргэд гэдгээрээ бахархах ёстой

Монгол бахархал гэж таныхаар чухам юу вэ. УИХ-ын гишүүд хэрхэн хариулсныг хүргэж байна.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Би бол Монгол хүн болж төрснөөрөө бахархдаг.

Яагаад гэвэл би тусгаар тогтносон Монгол Улсын иргэн. Манай буриад, халимаг, өвөр монголчуудыг хараарай. Би бол эрх чөлөөтэй Монголын иргэн. Үүгээрээ л би бахархдаг. Учир нь би чөлөөтэй амьсгалж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чадаж байна.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Монгол Улсын тусгаар тогтнол, энэ газар нутаг, ирээдүй болсон үр хүүхдүүд, Үндсэн хууль гээд энэ бүхэн бидний бахархал

Эзэн Чингис хааны удам, Монгол хүн байснаараа сэтгэлийн баясал авч байгаа тэр үзэгдлийг л Монгол бахархал гэж хэлнэ. 

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: Эрх чөлөөт Монгол хүн байснаараа сэтгэлийн баясал авч байгаа үзэгдэлийг Монгол бахархал гэх байх.

УИХ-ын гишүүн О.Номинчимэг: Монгол Улсынхаа иргэн болж төрөөд, энэ үндэстний нэг хэсэг байна гэдэг шал өөр мэдрэмж. Үндэстэн улс маань өнөөг хүртэл оршин тогтнож байгаа нь өөрөө бахархал юм. 

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн: Бидний үүх түүх бол аль ч цаг үед Монгол Улс нэгдмэл байхын гол үндэс гэж би боддог. 

УИХ-ын гишүүн Б.Бейсен: Монгол Улсын хөгжил, үнэт зүйл, төрөө тахин шүтэж хүндлэх асуудал нь Монгол бахархал. 

УИХ-ын гишүүн Д.Рэгдэл: Бид дэлхий дээр тусгаар тогтносон улсын иргэд гэдгээрээ бахархах ёстой

-Монгол Улсын хөгжил, үнэт зүйл, төрт ёсоо хүндэтгэх асуудал бол философийн хувьд өргөн хүрээтэй ойлголт. Монгол хүн бүр бахархах эрхтэй. Бид дэлхий дээр тусгаар тогтносон улсын иргэд гэдгээрээ бахархах ёстой. Үүнийг цаг зуурын бэрхшээлтэй хутгаж, ач холбогдлыг нь бүдгэрүүлж болохгүй. Монгол хүн дэлхийн аль ч улсад очоод ажиллаж, амьдарч, сурч боловсроход бусдаас дутахгүй, бүр илүү байна гэсэн итгэл үнэмшилтэй явах нь хувь хүний бахархал юм.

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа: Өвөг дээдсийн сургаал, өнөөдрийг хүртэл тээж ирсэн өв уламжлал, зан заншил бол зайлшгүй бахархал мөн

Үүн дээр нэмээд өнөөгийн ардчилсан тогтолцоог хэлмээр байна. Хэрэв бид ардчилалд шилжээгүй байсан бол үзэл бодлоо илэрхийлж чадахгүй, зах зээлийн нийгэмгүй, арилжаа наймаа хийх боломжгүй маш хүнд байдалд байх байсан. Өнөөдөр асуудал байгаа ч бидэнд үг хэлэх, хэвлэн нийтлэх, бизнес хийх эрх чөлөө байна. Энэ бол өнөөгийн Монгол Улсын олж авсан том ололт, бахархал юм.

Бахархах ёстой өөр нэг чухал зүйл бол түүх. Монгол Улс бол дэлхийд ховор, эртний төрт ёсны уламжлалтай улс. Бид бусад орнуудаас түрүүлж төр засгаа байгуулж, "Их Засаг" хуулийг мөрдөж ирсэн.

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц:  Өөрийн соёл уламжлалаа хүндэтгэхийн зэрэгцээ бусдын соёлыг хүндэтгэх нь бахархаж буй хүний нэг мөн чанар юм болов уу. 

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа: Монгол гэдгээрээ бахархахдаа яг юугаар нь бахархаж байгаагаа бодох хэрэгтэй. Зөвхөн Чингис хааны үр сад гэдгээрээ эсвэл эзлэн түрэмгийлж байсан түүхээрээ бахархах уу? Эсвэл бид оюунлаг, бүтээлч, нэгдэж чадвал уулыг ч эргүүлэх чадалтай гэдэг тэр оюуны нөөц боломж, потенциалаараа бахархах ёстой юу? Энийг л тойглож, бодох хэрэгтэй байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.