Ахмад сэтгүүлч А.Баярмагнайд Хөдөлмөрийн баатар цол олголоо

Ахмад сэтгүүлч А.Баярмагнайд Хөдөлмөрийн баатар цол олголоо

Монгол Улсын орчин үеийн нийгэмд эх оронч, үндэсний үзэл санааг төлөвшүүлэх, Монгол үндэстний эв нэгдлийг бэхжүүлэх, ардын уламжлалт өв соёлыг залуу хойч үедээ өвлүүлэн үлдээх үйлсэд олон жил үр бүтээлтэй ажилласан ахмад сэтгүүлч А. Баярмагнайд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээхээр боллоо.

 А.Баярмагнай 1964 онд Монгол Улсын Их Сургуулийн Сэтгүүл зүйн факультет, 1978 онд Москва хотын ОХУ-ын Цэргийн их сургуулийг төгсөж, сэтгүүлч, цэргийн улс төрийн мэргэжил эзэмшжээ.

Тэрээр 1964 онд Төв аймгийн сонины сэтгүүлчээр ажлын гараагаа эхэлж, “Ардын Арми” сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичгийн дарга, “Улаан од” сонины ерөнхий эрхлэгч, Монголын Ардын Армийн Ар талын газрын намын хорооны дарга, “Тусгаар тогтнол” (“Улаан од”) сонины ерөнхий эрхлэгчээр 30 гаруй жил ажилласан байна.

А.Баярмагнай нь төр, цэргийн ёслол хүндэтгэлийн ажиллагаанд үндэсний үзэл санааг нэвтрүүлэхийг санаачлан, 1988–1990 онд төрийн хүндэт харуулын цэргийн ёслолын хувцсыг өөрчлөх ажлыг зохион байгуулжээ. Мөн бүх цэргийн догшин хар сүлдийг 21 аймгийн 331 сумын адуун сүргийн азарганы дэл, сүүлээр бүтээх санаачилгыг хэрэгжүүлсэн байна.

Монголын тулгар төрийн үүслийн тухай цуврал нийтлэлийг 35 жилийн өмнөөс санаачлан зохион туурвиж, уг чухал санааг Үндэсний их баяр наадмын тухай хуульд тусгуулахад хувь нэмрээ оруулжээ.

Тэрээр нөхдийн хамт Монголын морин спорт, уяачдын холбоог үүсгэн байгуулж, Монголын хурдан морины уралдааны XXI зууны шинэ чиг хандлагыг тодорхойлоход оролцсон юм.

Үндэсний их наадам, Монголын хурдан морины уралдааны түүх, уламжлалыг 60 гаруй жил судалж, энэ сэдвээр 50 гаруй өгүүлэл, 10 гаруй ном, товхимол бичиж хэвлүүлжээ.

1997 онд Монголын ШУА-ийн Түүхийн хүрээлэнд “Монголчуудын хурдан морины соёл, түүхэн уламжлал” сэдвээр түүхийн ухааны дэд докторын зэрэг хамгаалсан байна. Үүний зэрэгцээ Монголын шагайн холбоог санаачлан байгуулж, ардын үндэсний тоглоомыг үндэсний спортын төрөл болгон хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулжээ.

А.Баярмагнай үндэсний өв соёл, Монголын эрийн гурван наадмыг ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгүүлэх ажлыг удирдан зохион байгуулсан багийн ахлагчаар ажилласан байна.

Эх оронч үзэл, үндэсний өв соёл, түүхэн уламжлалыг түгээн дэлгэрүүлэх, Монголын сэтгүүл зүй болон үндэсний спортын хөгжилд оруулсан олон жилийн хөдөлмөр, бүтээлийг нь төр ийнхүү өндрөөр үнэлж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээсэн нь эрхэм хүндэт шагнал төдийгүй үе үеийн сэтгүүлч, үндэсний өв соёлоо эрхэмлэгчдэд урам зориг өгсөн үйл явдал боллоо.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.