Ц.Баатархүү: ЧД-ийн иргэдийн 12 хувь нь л газраа өмчилж авсан байна
УИХ-ын гишүүн Ц.Баатарүү Чингэлтэй дүүргийн иргэдийн өмчтэй байх эрхийг хамгаалах үүднээс, газар өмчлөх болон 1072 хувьцааны асуудлаар үнэгүй хуульзүйн зөвлөгөө ажиллуулж эхэлжээ.
УИХ-ын гишүүн Ц.Баатарүү:
-Чингэлтэй дүүргийн Ардчилсан намаас иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах зорилгоор хууль эрх зүйн зөвлөх үйлчилгээг эхлүүлж байгаагаа албан ёсоор зарлаж байна. Бид дүүргийнхээ иргэдийн дунд тулгамдаж буй асуудлын талаар судалгаа явуулахад 14 мянга орчим санал ирсэн бөгөөд нийт оролцогчдодоо талархал илэрхийлье. Судалгаанд оролцогчдын олонх нь төрийн үйлчилгээний хүртээмж, чанар хангалтгүй байгааг онцолсон юм. Хууль тогтоомжид тодорхой заасан байдаг ч бодит амьдрал дээр, анхан шатны нэгж болох дүүрэг, хорооны түвшинд хэрэгжилт доголдож байна.
Ялангуяа иргэдийн өмчлөх эрхийг баталгаажуулах, нэмэлт орлоготой болох боломжийг хангах тал дээр дутагдалтай байгаа төдийгүй мэдээлэлд ойр хүмүүс давуу байдал ашиглаж байна гэх гомдол тасрахгүй байна.
Тиймээс Чингэлтэй дүүргийн Ардчилсан нам хууль, өмгөөллийн товчоотой хамтран газар болон "1072 хувьцаа"-тай холбоотой асуудлаар иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө өгөхөөр боллоо.
Өнөөдрийн байдлаар Чингэлтэй дүүргийн иргэдийн ердөө 12 хувь нь газраа өмчилж авсан статистик байна. Газар өмчлүүлэх тухай хууль хэрэгжээд 20 гаруй жил болж байгаа ч таван хүн тутмын дөрөв нь өмчөө баталгаажуулж чадаагүй байна.
Хэдийгээр 100 мянга орчим өрх эзэмших гэрчилгээтэй хашаандаа олон жил тогтвортой амьдарч байгаа ч газраа өмчлөх хүсэлт гаргахад "нөөц байхгүй", "квотод ороогүй", "төлөвлөлтөд тусгагдаагүй" гэх мэт шалтгаанаар татгалздаг.
Газрын албаны цахим системд ирүүлсэн хүсэлтийн 60-70 хувь нь хугацаандаа шийдвэрлэгддэггүй нь иргэдийг чирэгдүүлж байна. Иргэд хаана хандахаа мэдэхгүй, олон жил хөөцөлдөж байхад сул байгаа газрыг нь өөр хүнд олгосон тохиолдол ч цөөнгүй гарч байна.
Энэ нь төрийн байгууллагын дунд шатны албан тушаалтнууд болон мэдээлэлд ойр хүмүүс газрын асуудлыг өөрсдөдөө ашигтайгаар шийдэж байна гэх хардлагыг иргэдийн дунд төрүүлж байгаа юм.
Иймд Чингэлтэй дүүргийн Ардчилсан нам иргэдийнхээ өмчлөх эрхийг хамгаалах, хууль эрх зүйн туслалцаа үзүүлэх үүднээс үүд хаалгаа нээж байна. Иргэд та бүхэн утсаар, цахим хэлбэрээр болон биечлэн ирж мэргэжлийн хуульч, өмгөөлөгчдөөс зөвлөгөө авах боломжтой.
Монгол Улсын иргэнд нэг удаа 0.07 га газар үнэ төлбөргүй өмчлүүлэх хуулийн хугацаа 2028 оны 5 дугаар сарын 1-нд дуусгавар болно. Гэтэл иргэдийн дийлэнх нь энэ эрхээ эдэлж чадаагүй, гаргасан хүсэлт нь 90 хоногийн дотор шийдвэрлэгдэх ёстой ч хариу ирдэггүй зэрэг асуудлууд байсаар байна.
Нэг иргэн хэдэн арван газар өмчилж байхад жирийн иргэд нэг ч газаргүй үлдэж буй шударга бус байдлыг таслан зогсоохын төлөө бид ажиллах болно.
Бид иргэдийнхээ талд зогсож, тэдний эрх ашгийг хамгаалахад бүх талын дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.