Нийт нутгийн 18 хувьд зудын эрсдэл их байх төлөв гарчээ
Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан 2026 оны 12 дугаар сараас 2027 оны 02 дугаар сар хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийн тооцооллоор 2026-2027 оны өвлийн саруудад нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, харин нутгийн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Тухайлбал: 2026 оны 12 дугаар сард хангай, төв болон зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, нутгийн баруун болон өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх бол 2027 оны 1 дүгээр сард нутгийн зүүн бүсэд олон жилийн дунджийн орчим, баруун хэсэгт олон жилийн дунджаас дулаан, 2 дугаар сард Хэнтий, дорнод, Сүхбаатар аймгуудын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй гарчээ.
Хур тунадасны хувьд энэ оны 12 дугаар сард төв бүсийн зүүн болон зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим, 2027 оны 1 дүгээр сард Архангай, Хөвсгөл, Булган, Дархан, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгуудын нутгаар олон жилийн дунджаас ахиу, 2 дугаар сард Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Зудын урьдчилсан төлөвийг газрын ажиглалтын болон хиймэл дагуулын мэдээ буюу ган, зуншлага, өвөл, хаврын бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, агаарын температур, хур тунадасны дундаж зэрэг мэдээлэлд үндэслэн Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс боловсруулан гаргажээ. Уг үнэлгээнээс үзэхэд нийт нутгийн 8.0 хувьд нэн их, 18 хувьд их, 34.0 хувьд дунд зэрэг, 24.0 хувьд бага, 16.0-д хүндрэлгүй байхаар байна.
Өөрөөр хэлбэл Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Өмнөговийн ихэнх, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Булган, Өвөрхангай, Дундговийн зарим нутгаар зудын эрсдэл их болон нэн их түвшинд буюу өвөлжилт хүндрэх төлөв өндөр байна.
5.3 САЯ ТОЛГОЙ МАЛ ОТРООР ӨВӨЛЖИНӨ
Улсын хэмжээнд 14.0 мянган малчин өрхийн 5.3 сая толгой мал отроор өвөлжиж, хаваржих мэдээтэй байна. Отроор өвөлжиж, хаваржих нийт малын 0.5 сая нь өөр аймгийн нутагт, 1.2 сая нь өөрийн аймгийн бусад сумдад, 0.2 сая толгой мал сум дундын отрын бүсэд, 0.5 сая толгой мал аймаг дундын отрын бүс нутагт, 1.0 сая толгой мал хилийн зурвас нутагт, 1.7 сая толгой мал улсын тусгай хамгаалалттай газар нутагт тус тус өвөлжих хүсэлт гаргасныг холбогдох мэргэжлийн байгууллагууд зохицуулалт хийж байгаа аж.
Хил хамгаалах ерөнхий газраас ирүүлсэн мэдээгээр 11 аймгийн 36 сумын хил орчмын газар нутагт 404 малчин өрхийн 304.4 мянган малыг өвөлжүүлж, хаваржуулах боломжтой байх бөгөөд аймаг, сумдаас хилийн зурвас газарт 2.5 мянган малчин өрхийн 1.05 сая толгой мал өвөлжиж, хаваржих хүсэлт гаргажээ.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны харьяа улсын тусгай хамгаалалттай газар нутаг болон хилийн зурвас газарт мал өвөлжүүлж, хаваржуулах боломжийг дахин тодотгож нэмэгдүүлэх хэрэгцээтэй байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.