Иргэн Ц.Нямдаваа: Монгол залуучууд ямар ч зорилго, мөрөөдөлгүй байна. Ажлыг заваараа л хийж байна
-Надад барилгын мэргэжлийн сургууль төгссөн диплом байхгүй. Америкт 15 жил амьдрахдаа барилгын ажил хийж, хажуугаар нь суралцсан. Солонгосчуудыг дагаж, хувиараа ажиллаж сурсан зүйлээрээ л өнөөдөр ажиллаж байна.
Би 2024 онд буюу саяхан Монголдоо ирсэн, одоо ирээд хоёр жил орчим болж байна. Хоёр орны нөхцөл байдал тэнгэр газар шиг ялгаатай. Монголд барилгын үнэлгээ бага, цалин хангалтгүй, дээр нь ажил хийх хүн олдохгүй хэцүү. Америкт мэргэжилдээ сайн бол тэр хэрээрээ цалин нь өсөөд явчихдаг. Манайх шиг ийм их дарамт шахалт байхгүй. Компани байгуулах бол зүгээр л онлайнаар бичиг баримтаа бүрдүүлээд, бүх хариу нь мэйлээр ирчихнэ. Манайхан шиг албан газрын хаалга сахиж, хүн царайчлах шаардлагагүй. Тэнд бизнес хийхэд хүн маш чөлөөтэй.
Монголд ажиллахад үнэхээр хүндрэлтэй байна. Хүмүүс хэлсэндээ хүрдэггүй, цалин мөнгөө өгөхгүй тохиолдол их. Ажил хийх хүн ч олдохгүй байна. Нэг хүн авчраад юм хийлгэхээр дутуу дулимаг хийдэг тул араас нь өөрөө дахиж хийхээс өөр аргагүй болдог.
Залуучууд нь ажил хийх сонирхолгүй, зүгээр л цаг нөхцөөж, аргацаах гэсэн хандлагатай байна. Би одоохондоо зар сурталчилгаа тавьж, сайт ажиллуулаагүй. Зүгээр л таньдаг хүмүүсийнхээ ажлыг хийж өгөөд, тэр нь ам дамжин яригдсаар ажил маань өөрөө олдоод байгаа юм. Ингээд л хувиараа ажиллаж байна.
Үнэлгээний хувьд маш хэцүү. Монголд замаскны хоёр үеийн ажил метр квадрат нь 8000 төгрөг байхад Америкт авдаг цалин шал өөр.
Би Америкт сүүлийн хоёр жил өдрийн 350 долларыг бэлнээр, ямар ч татваргүй авдаг байсан. Гэтэл энд туслах ажилчны өдрийн хөлс нь 150 мянган төгрөг байна. Гайгүй хийдэг хүмүүс нь бүгд хувиараа ажиллаад явчихдаг тул туслах хүн олдохгүй, барилга дээр ажиллахад хаа хаанаа асуудалтай байна. Америкт ихэвчлэн хаусны гадна, дотор будаг болон засал чимэглэлийн ажил хийдэг байсан. Монголтой харьцуулахад чанар, стандартын хувьд шал ондоо.
Монголд стандарт гэж юм алга, хэн дуртай нь дураараа барьж байна. Тэнд бүх зүйл нарийн стандарттай. Жишээ нь, розетка яг хэдэн метрийн түвшинд байх ёстой вэ гэдгийг шалгадаг газар бий. Бүх зүйл нь ажиллагаатай, стандарттай.
Хаусны дотор засал хийхэд эхлээд бүгдийг нурааж, хаана ямар өрөө гарах, цахилгааны утас хаагуур явахыг төлөвлөж ханаа босгоно. Ханаа босгосны дараа мэргэжлийн хяналтын хүн ирж шалгана. Тэр хүн зөвшөөрсний дараа л дараагийн ажлаа хийдэг.
Гэтэл Монголд ажил дуусаагүй байхад дундуур нь өөр хүн орж ирээд, нэг нэгэндээ тээг болох тохиолдол их байна. Хот төлөвлөлт гэж алга. Хаа дуртай газраа барилга барьж байна.
Залуус ямар ч зорилго мөрөөдөлгүй байна. Заваараа ажил хийж байна. Ийм болгосон хүмүүс нь улс төрчид, шийдвэр гаргагчид шүү дээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.