Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах үндэсний зөвлөлийн уулзалт боллоо
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах үндэсний зөвлөлийн уулзалт энэ сарын 27-нд Боловсролын яаманд боллоо.
Тус уулзалтад Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Энхбаяр болон албаны хүмүүс оролцов.

Уулзалтын эхэнд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах үндэсний зөвлөлийн 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт, ХБХЭХҮЗ-ийн шинэ бүрэлдэхүүнийг тус зөвлөлийн нарийн бичгийн дарга, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Энхбаяр танилцууллаа.
Дараагаар нь Боловсролын яамны дэд зөвлөлийн хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний талаар тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир мэдээлэл хийв.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний цогц хөгжлийг дэмжих тухай, боловсролд тэгш хамруулах, цаашид хамруулах арга хэмжээний тухай танилцуулгыг Засгийн газрын хуралдаанд хийж, төрийн байгууллагуудын уялдааг сайжруулах талаар гурван сайдын хэрэгжүүлэх төлөвлөгөөний төслийг боловсруулсан байна.
Боловсролын яам, ГБХНХЯ, ЭМЯ-ны хамтран хэрэгжүүлэх төлөвлөгөөг ирэх сард болох гурван сайдын уулзалтаар батлах юм.
Уулзалтаар төрийн бус байгууллагын төлөөлөл сонсголын бэрхшээлтэй хүүхдийг ЕБС-д хэрхэн тэгш хамруулах, ялгаатай хэрэгцээтэй хүүхдэд хэрэгцээнд нь нийцсэн сургалт явуулах, орчны хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарах зэрэг саналыг хэлж байлаа.
Өнөөдрийн байдлаар ерөнхий боловсролын сургуульд 1277, сургуулийн өмнөх боловсролд 994, их, дээд сургуульд 39 хөгжлийн бэрхшээлтэй багш, ажилтан ажиллаж байгаа юм.

Боловсролын яам, Боловсролын ерөнхий газраас хийсэн үнэлгээгээр 1399 цэцэрлэгийн 992 нь буюу 70.9 хувь нь зориулалтын замтай, ЕБС-иудын 72.2 хувь нь зориулалтын тоног төхөөрөмж бүхий ариун цэврийн өрөөтэй байна.
Боловсролын яамнаас цаашид “Ялгаатай хэрэгцээтэй хүүхдүүдийн боловсролд хамрагдалтыг нэмэгдүүлэх, эрт оролцоог дэмжих сургуульд бэлтгэх хөтөлбөрт боловсруулах, хэрэгцээнд нь нийцсэн сургалт, сургууль, цэцэрлэгт суурилсан дэмжих хөгжүүлэх, орчны хүртээмжийг сайжруулах, багш, мэргэжилтнүүдийн хүрэлцээг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана". Эрүүл, ногоон, хүртээмжтэй, аюулгүй, ухаалаг сургууль /ЭНХАУС/ хөтөлбөрийн хүрээнд асуудлуудаа цогцоор шийднэ гэдгийг Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир онцолсон юм.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.