Эх оронч, шударга хүн гэдэг бол хоёргүй сэтгэлтэй хүнийг хэлнэ.

1344
 ШАГДАРСҮРЭНГИЙН ГАНТУЛГА
Би Сонгинохайрхан дүүргийн жирийн нэгэн иргэн. Удахгүй 50 нас хүрнэ. Сүүлийн хэдэн жил тогтсон ажил байхгүй тул барилга, зам, мод тарих, хүлэмж гээд аль таарсныг нь хийж ирлээ. Хийж ирсэн ажил төрөлдөө хичнээн дургүй ч, хийхээс өөр сонголт байхгүй. Гомдоллоод ч яахав, нийтээрээ л ийм байгаа. Гэхдээ л сүүлийн 30 жил төр барьж ирсэн эрхмүүдээ харахаар өөрийн эрхгүй гомдох сэтгэл төрдөг. Өнөөгийн нийгмийн хямрал зүгээр нэг тэнгэрээс унаад ирсэн зүйл биш. Буцах хаягтай, буух эзэнтэй. Цаг нь ирэхээр бүх юм илчлэгдэж, байр байрандаа орох байлгүй. Тийм цаг ч ирж байгаа байх.
Өдийг хүртэл ард иргэд бид төр засагт бугшсан энэ хоёр намын хулгайч, луйварчдыг буруутгаж, шүүмжилсээр ирсэн. Тэглээ гээд байдал дээрдсэн юм огт алга. Тэгэхлээр асуудал арай өөр зүйлд байгаа нь илт байна. Тэгвэл яг юунд байна вэ гээд иргэн та өөрөөсөө асуугаад үз. Хариулт нь уг нь тодорхой юм. Асуудал сонгох эрхийнхээ үнэ цэнийг ойлгохгүй байгаа бидэнд л байгаа юм. Энэ хулгайч, луйварчид илчлэгдэх яах вэ! Илчлэгдчихээд байхад нь дахин дахин тэднийг сонгоод байгаа бид өөрсдөө илчлэгдэх хэрэгтэй байна.
Уг нь бол сонголт ямагт байдаг. Бидэнд алдах нэг боломж, бас онох нэг боломж л бий. Тэгвэл яагаад бид дахин дахин алдах товчлуур дээр дараад байна вэ? Шалтгаан нь ч тодорхой юм. Бид гэмшихгүй байгаа юм. Сүүлийн 30 жил бид үр хүүхэд, ирээдүй хойчийнхоо эсрэг сонголт хийж ирсэн. Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг нь дээр гэсэн явцуу зарчмаар сэтгэж, саналаа мөнгө төгрөгхөнөөр худалдсаныхаа лайг өнөөдөр үүрч байна. Хойч ирээдүйнхээ төлөө төлөөс төлөхийн оронд тэдэндээ хоноцын сэтгэлээр хандаж өдийг хүрлээ.
Нийгмээс ямар ч хүнд хэцүү сорилт ирлээ гэсэн бидний эцсийн боломж болох сонголт хийх эрх нь бидэнд бий. Энэ давуу боломжоо ашиглаад төрд үүрлэсэн хулгайч луйварчдыг багаар хуу татаад хаячих зориг зүрх нь дутаад байна уу даа. Саяхан цахим сүлжээнээс улс төрийн тоймч Ш. Гантулга гуайн халамжийн бодлоготой холбоотой сэрэмжлүүлсэн нийтлэлийг уншсан. Тэнд бидний сонголт хийхдээ гаргадаг хамгийн том алдааг маш ойлгомжтойгоор тайлбарласан байна лээ. Түүний хэлсэн сэрэмжлүүлгийн утгыг бүрэн гүйцэд ухаад ойлгочихвол ч МАНАН-гаас салахад ч маш ойрхон байна даа.
Түүний энэ айхтар ёгтлолыг та бүхэндээ хүргэх нь зүйтэй байх. Түүний энэ хэлсэн үгний утгыг ухаж ойлгосон хүн уруудан доройтох төрийг цэглэж, мандах төрийг эхлүүлэх сонголтыг гарцаагүй хийх болно гэдэгт би гүнээ итгэж байна.
“Баас, угаадсыг гоё амттай гэж бүр 1000 ялаа ирээд намайг ятгасан ч би тэдэнд итгэхгүй. Итгэхгүй учраас угаадас руу нь шууд нулимна. Баас, угаадас гэдсэнд халтай гэдгийг би мэднэ. Яг үүнтэй адил энэ хулгайч луйварчид надад мөнгө төгрөг, бэлэг сэлт бүр юу ч санал болгосон би түүнийг нь авахгүй. Сэжиглэнэ. Учир нь тэр бүгд баас, угаадас гэдгийг би сайн мэднэ. Хүн бүр ийм хүчтэй бодолтой, ийм зүрх зоригтой байвал энэ хулгайч, луйварчдын төрд шургалах боломж нь бүрмөсөн хаагдах юм. Харин та шударга иргэн мөн л юм бол хичнээн ядуу ч үүнийг хийж чадах нь гарцаагүй юм” Ш. Гантулга.
Гадуур МАН ерөнхий сайдаа багаар нь дэмжье. Ерөнхий сайддаа хүч нэмнэ гэсэн ядмагхан уриалга явуулж байна. Дүнгээ тавиулчихсан энэ хоёр улс төрийн хүчнээс салах цаг нь болсон. Уулын мод урттай, богинотой гэж үг бий. Сонголт хийхэд багаар нь дэмжинэ гэсэн ойлголт байх ёсгүй. Тэгвэл сонголт хийж байгаагийн мөн чанар нь утгагүй болно. Гурван ялзарсан алим урд тавьчихаад багаар нь бүгдийг нь идчих гэдэггүй биз дээ. Бид чинь бас эрүүл мэндээ бодох хэрэгтэй биз дээ. Бид гэртээ муудсан хоол иддэггүй биз дээ. Ялзарсан алим гэдсэнд халтай гэдгийг монголын ард түмэн ойлгосон байлгүй дээ. Дээр нь ерөнхий сайд нь ч өөрөө ялзарсан алим шүү дээ. Түүнийг нь түүний хэлсэн үг, ХОМ нь гэрчлээд өгнө. Харин багаар нь халж, сольж, хаяж, устгаж бол болно. Нэгэнт муудсан хоолны шавхрууг шууд л асгадаг биз дээ. Өнөөдөр тийм цаг ирсэн.
Энэ удаагийн сонгуульд би улс төрийн Гантулга гуайг дэмжиж байгаа.
Ш. Гантулга гуайг сонгох хэд хэдэн гарцаагүй шалтгаан бий.
• Шударга хүн
Хүн бүр шударга ёс ярьдаг болсон энэ цөвүүн цаг үед шударга хүнийг танихад хэцүү. Хамгийн тод жишээ бол манай ерөнхий сайд байна. “Тэрээр монголын төрд хулгайчид байх ёсгүй. Би зөвхөн шударга хүмүүсээр багаа бүрдүүлнэ. Энэ удаагийн сонгуульд намаасаа нэг ч ЖДҮ-чин оруулахгүй” гэж хашгирч байсныг та бүхэн санаж байгаа байх. Тэгээд юу болов??? Хамгийн шударга ёс ярьдаг эрх баригч намыг толгойлж байгаа энэ эрхэм хэлсэн ярьсандаа хүрч чадсан уу? Ийм богинохон ой санамжтай далан худалчид итгэл үзүүлж болох уу?
Дээр нь бас Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 1 тэрбум 700 орчим сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлжээ. Ерөнхий сайд хүртлээ дэвшсэн төрийн зүтгэлтэн ийм их хадгаламжтай байх нь хэр зохистой юм бол?? Төрийн албан хаагч төрийн нэрийн өмнөөс өөрт олгогдсон эрх мэдлээ ашиглаж, өөрийн үзэмжээр хувийн ашиг сонирхолдоо үйлчлэх нөхцөл байдлыг ашиг сонирхлын зөрчил гэж үздэг. Ямар ч бизнесгүй, төрөөс авч байгаа цалингаас нь хэдэн арав дахин илүү байгаа хадгаламжийн орлогыг юу гэж тайлбарлах вэ? Ашиг сонирхлын зөрчил биш үү?
Би жирийн иргэн хүний хувьд ийм худалч, дээр нь бас хулгайч хүнд сонголтоо худалдахгүй. Харин Ш. Гантулга гуайг ийм хүнтэй харьцуулаад ч хэрэггүй байх.
Эх оронч хүн
Эх орон, шударга ёс ярьсан бүхэн Эх оронч болчихдоггүй. Эх оронч үзэл нь өөрийн гэсэн төлөөстэй. Энэ төлөөс нь танд ашигтай ч, мөн чанар нь буруу зүйлээс татгалзаж чадах таны чадвараар хэмжигддэг. Харин ийм чадвар хүн бүрт тэр бүр байдаггүй.
Жишээ. Бид “Монгол ялна”, “Эх оронч Х. Баттулгыг дэмжье” гэсээр л түүнийг ерөнхийлөгч болгосон. Монгол ялсан уу, манай ерөнхийлөгч гарамгай эх оронч хүн гэдэгт та яг одоо бат итгэлтэй байж чадах уу?
Худалдаачин, наймаачин хүнийг ерөнхийлөгч болгодоггүй жишиг улс орнуудад байдаг. АНУ-ын ерөнхийлөгч Ф. Рузвельт, ОХУ-ын ерөнхийлөгч В. Путин нарын хэлсэн сэрэмжлүүлэг ч бас бий.
“Улс төр бизнес хоёр тусдаа байх ёстой. Бизнесмен хүн эцсийн дүндээ халаасаа яаж дүүргэх вэ л гэж боддог” гэсэн үг бий. Энэ хоёр эрхэмийн хэлсэн үг зүгээр нэг амнаасаа сул унагачихсан бодлогогүй үг биш байх.
Мөн дэлхийд хамгийн энгийн даруу, ядуу ерөнхийлөгч байсан гэдгээрээ алдартай Уругвайн ерөнхийлөгч асан Хосе Мухика “Зарим мөнгөнд дуртай хүмүүс улс төрд ордог. Хэрэв мөнгөнд тийм их дуртай юм бол бизнесээ л хийг. Улс төр бол нийтэд үйлчилдэг ажил” гэсэн байдаг.
Худалдаачин хүнийг хөдөлгөж байдаг хөдөлгөгч хүч нь аминч үзэл байдаг бол ерөнхийлөгч хүн бодь сэтгэлтэн байх ёстой. Хүнд байдаг энэ хоёр чанар урвуу хамааралтай бөгөөд нэг аминд орших хоёр туйл нь юм. Дээд зэргийн аминч үзэлтэн бодь сэтгэлтэн байх боломжгүйтэй адил бодь сэтгэлтнээс хэзээ ч аминч үзэл гарахгүй гэдэг нь хууль юм. Худалдаачин хүн ард түмэндээ хайртай гэх нь нар баруунаас гарав гэдэгтэй л утга нэг.
Шударга хүн эх оронч байх нь гарцаагүй. Мөн эх оронч хүн шударга байх нь гарцаагүй гэдэг нь хөдөлшгүй үнэн. Энэ хоёр чанар нэг зоосны хоёр тал шиг нэг нэгэнгүйгээр орших боломжгүй. Тэгвэл өрөөсөн гараараа 1 тэрбум 700 сая төгрөгний хадгаламжтай халаасаа тас дарах ерөнхий сайд, өрөөсөн гараараа олон арван компаниа тас тэврэх ерөнхийлөгч хоёр шударга, Эх оронч хүмүүс байж чадах уу?
Эх оронч, шударга хүн гэдэг бол хоёргүй сэтгэлтэй хүнийг хэлнэ. Хоёргүй сэтгэлтэй хүн гэдэг бол хоёр гар нь завтай, чөлөөтэй хүн юм. Хоёр гар нь завтай хүн л ард түмнээ сэтгэл дүүрэн тэвэрч, хайрлаж чадна. Харин ямар хүний хоёр гар нь завтай байдаг вэ? Ард түмэнтэйгээ адилхан, тэдний дунд амьдардаг, ядуу хүн л тийм байдаг.
Ш. Гантулга гуайн туулж ирсэн амьдралын замнал, одоогийн амьдарч байгаа нөхцөл, нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн байдал зэрэг нь түүнийг гарцаагүй шударга, эх оронч хүн болохыг тодорхойлоод байгаа юм.
• Жинхэнэ сэхээтэн хүн
Нийгэмд сэхээтэн хүний үүрэг гэж бий. Сэхээтэн хүн нэг талаар нийгэмд үүсээд байгаа ялзрал доройтолтой тэмцэх, нийгмийн дээд хэсгийнхний бусармаг байдлыг илчлэх, төрөө түвшитгэхэд хувь нэмрээ оруулах, нөгөө талаар төөрч будилж буй түмэн олноо соён гэрээрүүлэх, ухааруулах үүрэг хүлээдэг. Гэтэл өнөөгийн сэхээтнүүд хаана байна. Үндсэн хоёр үүргээ бүрэн умартсан бэртэгчид болжээ.
Сэхээтэн гэж сэхээрсэн нэгнийг хэлнэ хэмээн их зохиолч Л. Түдэв гуай нэгэнтээ хэлсэн. Тэгвэл өнөөдрийн цөвүүн цагт сэхээрсэн хүнд гудамжинд гарч тэмцэхээс өөр сонголт үлдээгүй. Гэтэл манай сэхээтнүүд хаана байна. Харин Гантулга гуай Үндэсний фронтынхоо тэмцлээр үүнийг жинхэнэ үлгэрлэж үзүүлсэн хүн. Түүний тэмцэл одоо ч үргэлжилж байна. Тиймээс тэрээр жинхэнэ сэхээтэн хүн юм.
Эгэл жирийн хүн
Өглөө ажилдаа ирэхдээ ч, орой тарахдаа ч дугуйтайгаа л жирийнэ. Ажлыг жижиг гэлтгүй нягт нямбай, яс нарийн гүйцэтгэдэг түүний өдөр тутмын үйлс эгэл нэгэн болохыг батлаад өгдөг. Тэрээр биеэ ч жирийн хүмүүсийн адил энгийн даруу байдлаар авч явдаг төдийгүй ойр орчмын хүмүүстэйгээ ч маш энгийн нөхөрсөг харьцаатай нэгэн юм.
Жинхэнэ төрийн зүтгэлтэн хүн
Өнөөдөр манайд сайн муу улс төрчид бишгүй л байна. Сайн гэхээсээ муу нь их байна. Харин жинхэнэ төрийн зүтгэлтэн хүн алга. Төрийн зүтгэлтэн хүн жирийн улс төрчдөөс юугаараа ялгагддаг вэ? Аливаа асуудлын үнэ цэнийг тэргүүлж эрэмбэлж чаддаг чадвар нь илүү хөгжсөн байдаг. Ш. Гантулга гуай ганц л зүйл яриад байгаа. Хариуцлагатай байцгаая. Гэм хийсэн бол хийсэн үйлдэлдээ тохирсон ял үүрдэг байцгаая гэдгийг л олон түмэндээ хандан дахин дахин давтаад байгаа. Түүнийг хүлээн зөвшөөрөх гарцаагүй үндэслэл нь тэрээр нийгэмд шударга ёс тогтоох суурь хэмжүүрийг тодорхойлж өгсөнд оршино. Ш. Гантулга гуай бол ийм л хүн.
Энэ удаагийн сонгуульд Сонгинохайрханчууд энэ хүнийг бүрэн дэмжиж гаргана гэдэгт итгэлтэй байна. Миний хувьд энэ хүнийг дараачийн ерөнхийлөгч төдийгүй сүүлийн 30 жилд төрсөн цорын ганц шударга ерөнхийлөгч мөн гэж харж байгаа. Та бүхний сонголт тань мэргэн байх болтугай.
                                                                  Сонгинохайрхан дүүргийн иргэн Ш. Гансүх.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here