Улсын онцгой комисс өнөөдөр хуралдлаа. Хурлаас гаргасан шийдвэрийн талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг, Нийслэлийн засаг даргын үүргийг түр орлогч Ж.Батбаясгалан нар танилцууллаа.
Юун түрүүнд Улсын онцгой комисс 7-р сарын 15 хүртэл онцгой дэглэмийг мөрдөх шийдвэрт хүрчээ. Түүнээс хойш үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг үе шаттайгаар нээхээр болсон байна.
Нийслэлийн онцгой комиссоос тодорхой саналуудыг Улсын онцгой комисст танилцуулжээ.
Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан:
-Нийтэд үйлчилдэг номын сан, музейн үйл ажиллагааг нээсэн. Харин олноор цуглах жагсаал, цуглааныг хориглоно. Олноор цугладаг хүүхдийн спорт наадам, ПС тоглоомын газруудыг нээхгүй. Харин ПС тоглоомоос бусад тоглоомын газар, үзвэр үйлчилгээ, кино театруудын үйл ажиллагааг нээх талаар Нийслэлийн онцгой комиссын хурал дээр ярина. Хүүхдүүдэд сургалтын үйлчилгээ үзүүлдэг зуслангийн газруудын үйл ажиллагааг нээнэ, кино театрууд, энгийн баар, караокенууд, соёл шашны байгууллагуудын үйл ажиллагаануудыг мөн нээнэ. [Tweet “Хүүхдүүдэд сургалтын үйлчилгээ үзүүлдэг зуслангийн газруудын үйл ажиллагааг нээнэ, кино театрууд, энгийн баар, караокенууд, соёл шашны байгууллагуудын үйл ажиллагаануудыг мөн нээнэ. “]Ингэснээр нийт 10 мянган ажлын байрыг хадгалах боломж бүрдэнэ. Эдгээрийг эрсдэлийн үнэлгээ хийсний үндсэн дээр үе шаттайгаар нээж байгаа юм.