Азийн хөгжлийн банк (АХБ) Улаанбаатар хотын зүүн болон баруун хэсэгт орших хоёр дэд төвийн дахин төлөвлөлтийг дэмжих 43.65 сая ам.долларын зээлийн санхүүжилтийг олгохоор болжээ.
“Хөтөлбөрийн нэг болон хоёрдугаар үе шатанд гэр хорооллын нийт 4 дэд төвийг хөгжүүлж, НЗДТГ-ын хот төлөвлөлт, үйлчилгээний хүртээмж, болон хөтөлбөрийг удирдах чадавхыг бэхжүүлэх чиглэлээр томоохон ажлууд хийгдсэн” гэж АХБ үзэж байгаа ажээ.
[Tweet “Улаанбаатар хотын гэр хороололд амьдарч буй хүн амын тоо 1.44 саяд хүрсэн бөгөөд энэ нь хотын нийт оршин суугчдын 60 орчим хувийг эзэлж байна.”]Нийтийн аж ахуйн дэд бүтэц болон үйлчилгээ дутмагаас үүдэн орчны бохирдол ихэсч, үүнийг даган эрүүл мэндийн томоохон эрсдэлүүд бий болоод байна. Гэр хорооллыг хөгжүүлэхэд хотын дэд бүтэц хангалттай бус, хот төлөвлөлт алдагдсан, нийтийн аж ахуйн үйлчилгээний сул байдал болон нийтийн эзэмшлийн зай талбай, байгууламжууд хязгаарлагдмал зэрэг нь саад тээг болдог.
Тухайлбал, хяналтын камераар тоноглогдсон, тэргүүлэх ач холбогдолтой замуудыг барьж байгуулах, цахилгаан дамжуулах агаарын шугамуудыг татах, мэдээлэл холбооны суурин сүлжээний шилэн кабель тавих, бохир усны шугам, дулааны шугам сүлжээ байгуулах, дэд төв тус бүрд усан хангамжийн дэд станц байгуулах зэрэг ажлууд хийгдэх юм.
Түүнчлэн, тухайн дэд төвүүдэд төрийн үйлчилгээний болон эдийн засгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хүүхдийн цэцэрлэг, өрхийн эмнэлэг, сургалтын төвүүд, олон нийтийн хөгжлийн төв, спорт цогцолбор, ногоон байгууламжууд болон халамжийн орон сууц зэрэг бүтээн байгуулалтууд хийгдэх юм. Мөн иргэдийн оролцоонд суурилсан гэр хорооллын дахин төлөвлөлтийн ил тод механизмыг бий болгох, үйл ажиллагааг нь жигдрүүлэхэд чиглэсэн чадавх бэхжүүлэх ажлууд хийгдэнэ.
Энэхүү хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнд гэр хорооллын цэвэр, бохир ус болон эрүүл ахуйн асуудлыг шийдэврлэж, ахуйн галлагаа, автомашины түгжрэлээс шалтгаалсан хотын агаарын бохирдлыг бууруулснаар шинэ төрлийн коронавирус (COVID-19)-ээр үүсгэгдсэн цар тахлын эсрэг хэрэгжүүлж буй Засгийн газрын хариу арга хэмжээг мөн дэмжих юм.
АХБ нь Ази, Номхон далайн бүс нутагт нэн ядуурлыг арилгах хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ цэцэглэн хөгжсөн, хүртээмжтэй, тогтвортой, сөрөг нөлөөг даван туулах чадвартай бүс нутгийг цогцлоохын төлөө тууштай ажиллаж байна. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 68 гишүүн орны 49 нь тухайн бүс нутагт оршдог.

















