СУДАЛГАА: Боловсролын тэгш бус байдал дэлхийн чинээлэг улсуудад хамгийн их байна

777

Боловсрол нь аливаа тэгш бус байдлыг устгаж, шийдвэрлэх үндэс болон гол гарц гэж их ярьдаг билээ.

Өөрөөр хэлбэл, хэрэв хүүхэд багачууд бага наснаасаа эхлэн бүгд тэгш боловсрол эзэмшиж чадвал нийгэмд тулгарч буй цаашдын асуудал багасаж, олон салбарын тэгш бус байдал арилна гэж үздэг.

Тэгвэл НҮБ-ын Хүүхдийн сан дэлхийн чинээлэг улс, орны сурагчдын ерөнхий боловсролын тэгш бус байдлын талаарх судалгааг гаргасан байна. Тус судалгаагаар дэлхийн хамгийн чинээлэгт тооцогддог 41 улсын сургуулийн өмнөх боловсролоос эхлүүлэн дунд анги хүртэлх сурагчдын хоорондох боловсролын хүртээмжтэй байдлыг судлан гаргажээ.

Судалгаанаас харахад дэлхийн чинээлэг улс оронд боловсролын тэгш бус байдал илүү их байдаг гэсэн үр дүн гарчээ. Тодруулбал, дэлхийн тав дахь томоохон эдийн засагтай улсад тооцогддог Их Британи улс дунд сургуулийн боловсролын тэгш бус байдлаараа дэлхийд 16 дугаарт бичигдэж байгаа бол бага ангийн боловсролын тэгш бус байдлаараа 23 дугаар байранд орж байгаа нь энэ орны хувьд бэрхшээл юм.

Мөн сурагчдын боловсролын тэгш бус байдал тухайн сурагчийн эцэг эх болон өрхийн орлоготой шууд холбоотойг судалгаанд дурдсан байна.

Өөрөөр хэлбэл, аливаа улс орон нийгмийн ядуурал, өрхийн орлого, ажилгүйдэл зэрэг нийгмийн суурь асуудлуудыг шийдвэрлэж, дорвитой арга хэмжээ аваагүй тохиолдолд ерөнхий боловсролын салбар, тэр дундаа сурагч хоорондын боловсролын тэгш бус байдал байсаар байх болно гэсэн үг.

Анх НҮБ-ын Хүүхдийн сан 2007 онд дэлхийн чинээлэг улсын бага насны хүүхдүүдийн өсөн торниж буй орчин, нөхцөл байдлын талаарх судалгааг хийж байсан ба тухайн үед Их Британи улс мөн л дэлхийн чинээлэг орнуудаас хамгийн сүүлээр жагсаж байсан аж.

Ерөнхий боловсролын тэгш бус байдлыг арилгана гэдэг нь маш том хэмжээний стандарт, шаардлагыг мөрдлөгө болгоно гэсэн үг биш. Учир нь Хүүхдийн сангаас гаргасан шинэ судалгаагаар боловсролын ялгаатай байдлын дундаж үзүүлэлттэй улсын хүүхдүүд унших чадварын тэгш бус байдал бараг гаргаагүй байна.

Өмнө нь дурдсанчлан өрхийн орлого хүүхдийн боловсролын чанарт шууд нөлөөлдөг хэдий ч зарим эдийн засгийн хүчин чадал тийм ч өндөр бус Латви, Эстони, Хорват зэрэг улс АНУ, Их Британи, Швед зэрэг өндөр хөгжилтэй орнуудаас илүү чанартай ерөнхий боловсрол олгож чаддаг байгаа юм.

Аливаа гэр бүлийн санхүүгийн орлого, нөөц, бололцоо, эцэг эх хоорондын харилцаа зэрэг нь хүүхдийн суралцах хүсэл эрмэлзэлд чухлаар нөлөөлдөг байна. Тухайлбал, бага орлоготой өрхөөс гаралтай сурагч сурлагын түвшнээрээ өндөр орлоготой өрхийн гэр бүлийн сурагчийн хойно байх хандлагатай байдаг аж.

Үүнээс гадна эмэгтэй хүүхдүүд эрэгтэй хүүхдээс илүү их хүчин чармайлт гаргаж, илүү их зүйл суралцдаг нь нотлогдсон байна.

Эх сурвалж: World Economic Forum

хариулах

Please enter your comment!
Please enter your name here