Монголбанкны Мөнгөний бодлогын хороо ээлжит бус хурлаа өнөөдөр хийж, хэрэглээний зээлийн хугацааг сунгах тухай шийдвэр гаргажээ. Тус хороо өнгөрсөн дөрөвдүгээр сарын 13-нд хэрэглээний зээлийн хугацааг сунгах шийдвэр гаргасан бол уг шийдвэрийг арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл сунгахаар болсныг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцууллаа.
Иймд хэрэглээний зээлийн эргэн төлөлтөө царцаах хүсэлтэй иргэд зээл авсан банкуудад хандан, гэрээгээ шинэчлэх хэрэгтэй. Энэ шийдвэрийг гаргах болсон үндэслэл нь цар тахлын нөлөөгөөр эдийн засгийн идэвхжил саарсантай холбоотой юм байна.
Хэрэглээний нийт зээлийн 15-16 хувь нь зээлийн бүтэцдээ өөрчлөлт оруулаагүй байсан тул хэрэв танд санхүүгийн дарамт учирч байгаа бол Монголбанкнаас олгож буй боломжийг ашиглах нь зүйтэй гэж Төв банкны мэргэжилтнүүд зөвлөв.
Энэ оны 4-5 дугаар саруудад долоо хоногт дунджаар 9000 хүн хэрэглээний зээлийн гэрээндээ өөрчлөлт оруулжээ.[Tweet “Энэ оны 4-5 дугаар саруудад долоо хоногт дунджаар 9000 хүн хэрэглээний зээлийн гэрээндээ өөрчлөлт оруулжээ.”] Харин сүүлийн саруудад 3000 болж буурчээ. Гэсэн хэдий ч эдийн засгийн идэвхжил хэзээнээс сайжрах нь тодорхойгүй байна. Манай улсад нийт 76 мянган иргэн хэрэглээний зээл авчээ. Тэд зээлийн эргэн төлөлтөө түр хойшлуулснаар муу зээлдэгч болохоос сэргийлэх, хугацаа хэтэрсэн болон муу зээлийн дүнг өсгөхгүй байхыг зорьжээ.