Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар, Засгийн газрын зарим гишүүдийн хамт Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт байгуулж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн ажлын явц, тулгамдсан асуудлын талаар сонсгол хийн холбогдох албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.
Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэгийн танилцуулснаар үйлдвэрийн гаднах дэд бүтцийн ажил дуусаж, үйлдвэрийн талбайн газар шорооны ажил, ажилчдын хотхоны бүтээн байгуулалтын ажлууд амжилттай хэрэгжиж байгаа ажээ.
Мөн үйлдвэрийн технологийн бус байгууламжийн барилга угсралтын (EPC-1) ажлыг гүйцэтгэх компанийг сонгон шалгаруулж, түүнтэй хэлэлцээр хийж дууссан бөгөөд гэрээ байгуулахаар ажиллаж байгаа юм байна. Энэхүү гэрээг байгуулснаар үйлдвэрийн эхний үе шатны барилга угсралт, бүтээн байгуулалтын ажил эхлэх юм.
Энэхүү төсөл нь Монгол Улсын стратегийн чухал ач холбогдолтойг Шадар сайд цохон тэмдэглээд, үйлдвэрийг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулахад холбогдох төрийн болон орон нутгийн байгууллагууд шуурхай, нягт хамтран ажиллах шаардлагатайг анхааруулж, үйлдвэрийн түүхий эдийн нөөцийг нэмэгдүүлж, газрын тосны эрэл, хайгуул, ашиглалтын ажлыг эрчимжүүлэх, газрын тос дамжуулах хоолойн төслийн санхүүжилтийг ойрын хугацаанд эхлүүлэх зэрэг тулгамдаж буй бусад асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэхийг холбогдох Засгийн газрын гишүүдэд даалгалаа.