[Tweet “Энэ хичээлийн жилд бага ангийн сурагчдад зөвхөн Монгол хэл, математикийн хичээлийг танхимаар орж, үлдсэнийг нь теле хичээл байдлаар орно.”]Харин ахлах ангийнханд Монгол хэл, Математик, Эрүүл мэнд болон сонгон суралцах гурван хичээл танхимаар орж, бусад нь теле хэлбэрээр хичээллэхээр болсныг Нийслэлийн боловсролын газрын дарга Ж.Гантулга мэдээлжээ.
Ингэхдээ танхимын сургалтыг 20-иос дээшгүй хүүхэдтэй, 4 цаг 30 минутаас ихгүй цагаар хичээллүүлэх бөгөөд есдүгээр сард өмнөх хичээлийн жилд үзсэн хичээлүүдийг бататгах, 1-р ангийн сурагчдад бэлтгэл хөтөлбөрийн хичээл орох юм байна.
Өмнөх онуудад, цэцэрлэг сургуулийн бэлтгэлийг бүтэн жилээр хийхийг шаарддаг байсан бол, энэ жилийн хувьд уян хатан байхаар зохицуулахыг үүрэг болгожээ.
Харин сургуулийн автобусны тухайд өнгөрсөн онд нийт 40 автобус хэрэглээнд гаргаж, өдөрт дунджаар 3000 орчим хүүхэд зорчсон байна. Энэ жилийн хувьд есдүгээр сарын 1-нээс эхлүүлээд хичээлийн хуваарь, хүүхдийн тоо зэрэг тодорхойгүй байгаа тул сургалт жигдэрсний дараа буюу 2-3 долоо хоногийн дараагаас үйлчилж эхлэх юм байна.

















