Сүүлийн үед хүн бүр аялах тухай төлөвлөгөөндөө зайлшгүй оруулдаг болчихсон. Гэвч яг хаашаа, ямар маршрутаар хэрхэн аялах тал дээр асуудал үүсдэг. Тэгвэл энэ асуудлыг нэг дор шийдсэн инноваци нэвтэрчээ. Өөрөөр хэлбэл, энэасуудлыг “ЗАМЧ” аппликэйшн бүтээснээр бүрэн шийджээ.
Энэ талаар тус аппликэйшнийг бүтээсэн М.Энхболд:
– Бид аялал жуулчлалын мэдээлэл үйлчилгээ үзүүлдэг гар утасны аппликейшн хийхээр зорьж жил гаруйн хугацаанд судалгаа хийсний эцэст “Замч” аппликэйшнаа гаргаж байна. Өнөө цагт хүмүүс аялах дуртай болсон байна. Агаарын бохирдол, дуу чимээ, хотын их бачимдал бухимдлаас түр ч атугай зугтах гэсэндээ аялах болж.
Гэвч хөдөө гарахдаа хүмүүс байгалийн үзэсгэлэнтэй газраар аялах гэхээр газар орон мэдэхгүйгээс төөрч цаг хугацаа алдан бензин тосоо үрэхээс эхлээд олон асуудал гардаг. Тийм болохоор бид жуулчдад зориулсан нэгдсэн мэдээллийн аппликейшн гаргаж байгаа юм. Ерөнхийдөө аялагчид болон орон нутагт зорчигчид гар утсаа ашиглаад л очих газрынхаа тухай бүх мэдээллийг авахаас гадна замаа утсаараа олж тогтоогоод сонгочих боломжтой. Гадны орнуудад гар утасны аппликейшин ашиглаж хэнээс ч юу ч асуухгүй яваад болоод байдаг. Гэтэл монголд яагаад болохгүй гэж.
Апп дээрээс яг юу юуг олж харах боломжтой вэ?
– Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа жуулчны баазуудын мэдээлэл, гэр камп, зочид буудлуудын мэдээлэл, хөтөч, рестораны мэдээлэл гээд ер нь аялалд хэрэгтэй бүх мэдээллийг манай апп болон веб сайт агуулж байгаа. Амралтын бааз яг ямар үнэ ханштай, гэр байшингийн метр квадрат, багтаамж гэх мэт бүх мэдээллийг нь багтаасан.
Мөн Хөвсгөл, зүүн болон говийн аймгуудаар явж бичлэг болон зураг авч тавьсан. Бид аль болох өөрсдөө бүтээсэн зураг дүрсээ оруулахыг хичээн ажиллаж байна. Зураг гэхэд л тухайн амралтын газрын эргэн тойрон, байгалийн өнгө төрхийг 360 градус харах боломжтой зураг тавигдах юм. Энэ жилдээ багтан баруун аймгуудаар явж дүрсжүүлэх бодолтой байна. Түүнчлэн гэр бүлээрээ аялж байхад дугуй хагарлаа гэхэд ойрхон дугуй засварын газар, цайны газар, буугаад амрах сэлүүхэн сайхан очин гээд бүхий л мэдээллийг оруулах гээд зориод явж байна.
Бүх датагаа өөрсдөө бүтээж байгаа юм байна, тийм үү?
Мэдээж хамгийн сүүлийн үеийн орчныг нь харуулахын тулд өөрсдийн чанартай фото, дүрсийг ашиглахыг зорьж байна. Түүнээс гадна аялагчдад хэрэг болохуйц сонирхолтой мэдээлийг ч нэмж оруулна. Тухайлбал, түүхэн газар очих гэж байгаа бол уг газрын хуучны нэрнээс эхлээд өмнө нь юу болж байсан түүхийг оруулвал хүмүүс дуртай аялах байх. Энэ судалгааг бид эрдэмтэдтэй хамтран хийж байгаа.
Аппликэйшнийг утсан дээр татаж ашиглахад бэлэн болсон уу?
– Одоогоор хөгжүүлэлтийн сүүлийн шатандаа явж байна. Цаашид ч байнга хөгжүүлсээр л байх болно. “ЗАМЧ” аппликейшнаа энэ сарын 29, 30, 31-ний өдрүүдэд болох “IT-M” үзэсгэлэнгийн үеэр танилцуулна.