МАН-ын бүлэг үдээс хойш ээлжит бусаар хуралдсан билээ. Уг хуралаар Авлигатай тэмцэх газар/АТГ/-ын дарга, дэд дарга, Уулсын ерөнхий прокурор/УЕП/-ын дарга нарыг чөлөөлөх Үндэсний аюулгүй байдлын зөвлөл/ҮАБЗ/-ийн зөвлөмжийг хэлэлцэж дэмжжээ. Уг нь МАН-ын бүлэг өчигдөр буюу 03-р сарын 26-ны өдөр хуралдаад АТГ-ын дарга, дэд даргын томилгоог хойшлуулах тухай нэгдсэн байр сууринд хүрснээ зарлаад байсан.
Учир нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөл/ҮАБЗ/ өчигдөр хуралдан зөвлөмж гаргажээ.
Уг зөвлөмжид,
“Бүх шатны шүүхийн удирдах албан тушаалтан, Ерөнхий прокурор, Ерөнхий прокурорын орлогч, Авлигатай тэмцэх газар/АТГ/-ын газрын дарга, дэд дарга нарыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, хугацаанаас нь өмнө чөлөөлөх нэмэлт, өөрчлөлтийг холбогдох хуулиудад оруулах тухай хууль санаачилж, нэн яаралтай горимоор УИХ-д өргөн мэдүүлэхийг Ерөнхийлөгчид даалгажээ.
Үүний дагуу Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Прокурорын байгууллагын тухай хууль, Авилгын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан байна. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын дарга захирамж гаргаж уг хуулийн төслүүдийг ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр болсон юм.
Яг одоо УИХ-ын чуулганаар ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэх гэж байна. Энэхүү хуулийн төслийн гол агуулга нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжид үндэслэж хууль хүчний байгууллагуудын удирдлагыг чөлөөлөх эрх зүйн зохицуулалтыг бий болгох юм.
Гэвч түүний өргөн барьсан хуулин дээр зарчмын зөрүүтэй хандаж буй гишүүд мэр сэр байна. Тэд ҮАБЗ-ийн гурван гишүүн цаашид гурвуулаа зэрэг гарын үсэг зурж хууль хяналтын байгууллагын удирдлагуудыг өөрчилдөг байж болохгүй гэсэн байр суурьтай байна.