“Эрдэнэс Монгол” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл өнөөдөр /2020.10.12/ хуралдаж, П.Ганхүүг чөлөөлж, түүний оронд УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярвааг томилжээ.
“Эрдэнэс Монгол” компанийн захирлыг чөлөөлөх мөн дараагийн захирлыг томилох эрх нь тус компанийн ТУЗ-д байдаг бол өнөөдрийн байдлаар тус компани нь “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэс Оюутолгой” ХХК, “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК, “Мон-Атом” ХХК, “Эрдэнэс шивээ энержи” ХХК, “Эрдэнэс метан” ХХК, “Эрдэнэс ассет менежмент” ХХК-иудын 50 буюу түүнээс дээш хувийн хувьцааг эзэмшиж байна.
Мөн “Оюутолгой” ХХК-ийн Монголын талын 34 хувийг өөрийн охин компаниар дамжуулан эзэмшиж, Тавантолгой -Гашуунсухайт чиглэлийн авто замын ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажилладаг “Гашуунсухайт авто зам” ХХК-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн үндсэн дээр байгуулан ажиллуулж байна. Мөн “Эрдэнэс Монгол” компани УУХҮЯ биш ЗГХЭГ-ын харьяанд үйл ажиллагаа явуулдаг онцлогтой юм.