“Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газарт онцгой дэглэм тогтоосон хугацаанд гарсан үр дүнгийн талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцуулжээ. Онцгой дэглэм тогтоосон 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс хойш өнөөг хүртэл үйлдвэрлэлийн тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг хангаж, ажлын хариуцлага, сахилга, дэг журмыг сайжруулан, цэвэр ашиг, татвар, хөрөнгө оруулалтын хэмжээг жил бүр эрс нэмэгдүүлж байгаа ажээ.
“Монголросцветмет” ТӨҮГ өнгөрсөн онд борлуулалтын орлогоо 56,5 тэрбум төгрөгөөр өсгөн, 34,6 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж 33,4 тэрбум төгрөгийн татвар төлжээ. Энэ оны эхний гурван улирлын байдлаар борлуулалтынх нь орлого 28,7 тэрбумаар өсч, цэвэр ашиг нь 24,4 тэрбумд хүрч, 30,8 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлжээ.