“Өнөр бүл” төв Монгол Улсын Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав агсаны уран бүтээлийг хүүхэд багачуудад таниулах өдөрлөг зохион байгуулав.
Тус төв нэрт зохиолчдын амьдрал, уран бүтээлийг мөнхжүүлэх, хүүхэд багачуудад утга агуулгыг нь гүн бат ойлгуулах, өвлүүлэн үлдээхээр цаашид энэхүү арга хэмжээг өртөөлөн үргэлжлүүлэх аж. Ш.Сүрэнжав агсаны амьдрал, уран бүтээлээр эхэлж буй учир нь түүний уран бүтээлүүд Монгол Улсын нийгмийн өнгөрсөн түүхийг өгүүлдэг. Ирээдүй хойч үе хүүхэд , залуучууд зайлшгүй мэдэх ,санаж явах учиртай үйл явдлуудыг сэтгэл зүрх, оюун тархинд дүрсэлтэл өгүүлсэн байдаг гэдгийг багш нар нь хэлэв.
Ерөнхий боловсролын 53 дугаар сургуулийн 12Г ангийн сурагч Б.Оногуа:
“Ш.Сүрэнжав агсны “Ерөн Баатарын дууль” найраглалыг нүдэндээ төсөөлөн унших, сонсох дуртай. Энэхүү найраглал Монгол Улсын минь тусгаар тогтнол, түүний үнэ цэнийн төлөө Эх орны минь хөрсөн дээр юу болж өнгөрсөн бээ гэдгийг нүдэнд харуулж чаддаг. Би сургуулиа төгсөөд нэрт зохиолч Ш.Сүрэнжав гуайн амьдрал , уран бүтээлийн талаар кино зохиол бичих мөрөөдөлтэй” гэв.



















