Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор арилжааны банкууд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг салбар, нэгжүүдээ тав хоногийн хугацаанд ажиллуулахгүй байхаар шийдвэрлэжээ.
Үүнтэй холбоотойгоор бэлэн мөнгөний орлого, зарлага, шилжүүлгийн гүйлгээ банкны салбараар түр хугацаанд хийгдэхгүй. Харин орон нутаг дахь арилжааны банкны салбар, нэгж нь өөрийн харьяалах нутгийн захиргааны байгууллагаас өгсөн чиглэлийн дагуу үйл ажиллагаагаа зохион байгуулах юм байна.
Энэ нь төлбөр тооцоог шуурхай гүйцэтгэхэд ямар нэгэн хүндрэл үүсгэхгүй гэж үзэж байна. Түүнчлэн арилжааны банкинд харилцах, хадгаламжийн данс нээх, зарим төрлийн зээл авах зэрэг үйлчилгээг цахимаар авах боломж нээлттэй байгаа болно.
Монголбанкны зүгээс бэлэн мөнгөөр төлбөр тооцоо хийхээс аль болох зайлсхийж, гарцаагүй тохиолдолд АТМ машин ашиглах, банкны салбар, нэгжээр үйлчлүүлэх бол хорио цээрийн дэглэмийг чанд баримтлан, эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангаж, хоорондын зайг барьж, бөөгнөрөл дараалал үүсгэхгүй байхыг зөвлөж байна.