УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр телевизийн нэгэн ярилцлагад орохдоо өөрөөс нь сая ам.доллар нэхсэн цагдаагийн хурандаагийн талаар ярьсан. Хэдийгээр нэр усыг нь хэлээгүй ч, энэ хэрэгт буруутгагдсан хүн нь Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга асан, хурандаа Ц.Батсүх байсан байна. Учир нь, Ц.Батсүх хурандаа “Мөнгө нэхсэн хүн гэж нэгдүгээрт намайг хэлж байгаа юм. Хоёрдугаарт энэ бол гүтгэлэг” гэж мэдэгджээ. Тэрээр УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын дээрх мэдэгдэлтэй холбогдуулан Авлигатай тэмцэх газарт хандсан байна. Тэрээр: “Н.Номтойбаярыг телевизээр ярьсны маргааш АТГ-т хандсан байгаа. Энэ нь намайг яриад байгаа юм аа, үүнийг шалгаад өгөөч ээ гээд өгчихсөн. Намайг ингээд яриад явж байна гэдгийг нь би өмнө нь сонсч байсан. Би 17 настайдаа цэрэгт явж хилчин байлдагч болсноосоо хойш төрд өргөсөн тангарагтаа үнэнчээр явсан. Н.Номтойбаяр ингэж ярьсан ч намайг таньдаг хүмүүс,ах дүү, хамаатан садан, найз нөхөд, хамт олон маань ийм зүйл хийх хүн биш гэдгийг маань сайн мэднэ. Харин цагдаагийн байгууллагын нэр хүндийг үүгээр унагахаар санаархаж байна.Цагдаагийн удирдлагад ажиллаж байсан хүн нь ингэсэн гэж гүтгэж байгаагаараа Н.Номтойбаяр цагдаагийн байгууллагад ажиллаж байгаа олон жирийн албан хаагчийг өөр шигээ заваан харагдуулахын тулд зориуд гүтгэж байгаа юм” гэж мэдэгджээ