Онцгой нөхцөл байдал үүсээд байгаа эдгээр өдрүүдэд Дарханы улс төрийн өөрчлөлт болох шинэ Засаг дарга олон нийтэд ихээхэн таалагдаж байгаа бололтой. Дарханд хөл тавьсан цагаасаа мөнгө, заль мэх, талцал хуваагдлын дүрээр ирсэн Дархан-Уул аймгийн Засаг дарга асан С.Насанбат намаа хүртэл худалдан авч, өөрийн багийг гаднаас бүрдүүлэн, үргэлж авлига, тендер, алт, газрын наймаатай нэр холбогдон, найман жил засагласны эцэст ямартай ч албаа хүлээлгэн өгч, буулаа.
Ийнхүү Дарханы улс төр шинэчлэгдэж, шинэхэн Засаг даргаар Дарханы МАН-ын залуусыг олон жил удирдан толгойлсон Б.Азжаргал хэмээх залуу томилогдож үүрэгт ажилдаа ороод байгаа. С.Насанбатын хувьд сайндаа ч залуустаа тамгаа хүлээлгээд өгчихсөн биш гэдгийг намынхан нь болоод учир мэдэх Дарханчууд ярьж байна.
Түүнийг найман жил засаглах хугацаанд намынх нь залуус хоёр ч удаа огцоруулахаар эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж байсан ч тодорхой амжилт ололгүй дарагдаж байсан. Хуйвалдаанд оролцсон залуучууд, намын гишүүдээрээ туг тахиж, хөөгдөх нь хөөгдөж, албатай нь халагдаж, улс төрийн шахалт дарамтад орсноор дуусч байлаа.
Учир нь, Дарханы АН-ын удирдлагууд хоорондын зөрчил, зодоон, урвалт, хуваагдал гэх мэтээр дотооддоо улс төр хийхээс хэтрэлгүй сүүлийн 10 гаруй жилийг үзэж байгаа ч тус намын залуучууд ах нарынхаа талцал, тэмцэлд авталгүй, улс төрийн намын үндсэн үүрэг болох эрх баригч намын удирдлагуудын алдаатай бодлого, шийдвэрүүд, луйвар булхайг илчлэх, шүүмжлэх, олон нийтийн дуу хоолой болж, дөрвөн жил дотооддоо биш гадагшаа чиглэсэн улс төрийг зоригтой хийж байсан юм.
Ялангуяа засаг дарга асан С.Насанбат, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа нартай холбоотой олон хууль бус, ёс зүйгүй асуудлуудыг нийтэд ил гарган тавьж, хариуцлага нэхэж, шударга ёсыг шаардсаар ирсэн. Харамсалтай нь мунхаг ах нарынх нь хоорондын тэмцэл, хариуцлаггүй үйлдлийнх нь харгайгаар АН-ын нүүр царай болж, олон жил итгэл үнэмшил, үнэт зүйлдээ үнэнчээр зүтгэж, урваж шарвалгүйгээр явж ирсэн цөөхөн хэдэн залуус нь 4 жилд ганц болдог улс төрийн сонгуульд нэр дэвшиж чадалгүй тойргийн гадна, муухай царайлан үлдсэн юм. Харин тэдний Дарханы улс төрийг өөрчлөх гэсэн олон жилийн хичээл зүтгэл, тэмцлийн үр дүн нь МАН-ын залууст том хүч болж МАН С.Насанбат, Д.Хаянхярваа нараасаа салж чадсанаар дуусав бололтой.
Гэхдээ ялагдал хүлээж, хохирол үүрсэн ч АН-ын залуучуудад авах зүйл бий. Тэд ах нарыгаа бодвол үзэл санаандаа тууштай, боловсрол мэдлэгтэй, тус тусын салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, улс төрийн цохилтод тэр бүр сөхөрч, гонгинож гоншгоноод байдаггүй, сэтгэл зүйн хувьд эмзэг биш зэрэг нь ажиглагддаг. Энэ нь харьцангуй залуу хүмүүсийн хувьд улс төрд үлгэр дуурайл болохуйц сайн чанарууд юм. [Tweet “Болж буй эдгээр үйл явдлуудаас үзэхэд Дарханд МАН шинэчлэгдэж, харин АН шинэчлэгдэхгүй үлдэв бололтой.”]
Мөнөөх л олон жилийн талцал, хуваагдал, дотоод зодооноо үүсгэгчид, зохион байгуулагчид нь дахин наймаа, тохироо ярин гүйлдэн орж, мөнөөх л алдаагаа давтан, үгсэн хуйвалдаж, дүрэмгүйгээр хуралгүй дарга томилж, дээрээс нь зааварлан хурал, сунгаа хүлээж суугаа бололтой. Цаашид Дархан хотын хөгжил, цэцэглэлтэд улс төрийн томоохон намуудын өөрчлөлт шинэчлэл, залуучуудынх нь мэдлэг, ур чадвар, хүмүүжил ёс суртахуунаас шууд хамаарах нь ойлгомжтой ч үүнийг цаг хугацаа харуулах нь тодорхой юм.

















