УИХ-ын дарга Г.Занданшатар АТГ-аас гаргадаг Хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлэгт өөрийн хөрөнгө орлогоо хэрхэн мэдүүлснийг энэ удаа хүргэж байна.
Орлого: УИХ-ын гишүүн Г.Занданшатарын өөрийн орлого жилийн 94,3 сая төгрөг бөгөөд өнгөрсөн онд 169,2 сая байжээ. Харин түүний гэр бүлийн орлого энэ онд 133,4 сая байгаа нь өмнөх оноос 4 дахин өссөн үзүүлэлт аж. Учир нь өнгөрсөн онд 27,1 сая төгрөг хэмээн мэдүүлсэн байна.
Орон сууц: Харин УИХ-ын эрхэм дарга үйлчилгээний зориулалттай нэг байгууламж, нийтийн нэг орон сууцаа нийлүүлээд 722,6 сая төгрөгөөр үнэлсэн байна. Түүний хувьд ямар нэгэн газар, үл хөдлөх хөрөнгөгүй гэжээ.
Тээврийн хэрэгсэл: Тэрээр ерөнхийлөгчийн адил мөн л нэг машинтай гэнэ. Түүний машин “Nissan Morano” маркийнх бөгөөд 80 саяар үнэлжээ.
Хадгаламж, зээл: УИХ-ын дарга мөн л харилцах данс, төлбөрийн картандаа нэг ч төгрөггүй хэмээн мэдүүлсэн байх аж. Харин дотоодын банк санхүүгийн байгууллагад 126,3 сая, гадаадад 13,3 сая төгрөгийн хадгаламжтай.