Ардчилсан намын X Их хурал өнөөдөр буюу 2020 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдөр 21 аймаг 9 дүүрэгт нэгэн зэрэг ёслол төгөлдөр эхэллээ. Энэ удаагийн Их хурлаар “Ковид-19” өвчлөлийн үед буюу Дэлхий нийтийг хамарсан цал тахлын онцгой нөхцөлд болж байна. Тиймээс Ардчилсан намын нийт гишүүдээс сонгогдсон 1206 төлөөлөгч цахим хэлбэрээр улс орон даяар нэгэн зэрэг холбогдон хуралдаж байна. Энэ нь Монгол улсын түүхэнд намын их хурал анх удаа цахим хэлбэрээр болж байгаагаараа онцлогтой.
Тус их хурал цахимаар хуралдахын тулд Ардчилсан намын ҮБХ, аймаг нийслэл, сум дүүргийн намын хороо анхан шатны үүрүүд цахим хурлыг бүтэн сарын турш хийсэн бөгөөд нийт гишүүдийн 80 гаруй хувь нь намын их хурлаа цахимаар хийхийг дэмжжээ. Мөн “Ардчилсан намын Үндсэн дүрмийн өөрчлөлтийн төсөл”-ийг боловсруулсан ажлын хэсэг 44 хүний бүрэлдэхүүнтэйгээр дөрвөн сарын хугацаанд ажилласан. Өчигдөр болсон ҮБХ-ны хурлаар ажлын хэсгийн боловсруулсан дүрмийн төслийг дэмжсэнээр ийнхүү намын их хурлаар хэлэлцэхээр болоод байна.