БСШУС-ын шинэ сайд Ё.Баатарбилэг өнгөрсөн долоо хоногт мэдэгдэл хийж бага ангийн сурагчдын дунд тэмцээн уралдаан зохион байгуулахыг хориглосон. Мөн алив тэмцээн уралдаан зохион байгуулахдаа сурагчдаас бүртгэлийн хураамж авахыг ч хориглосон шийдвэр гаргасан билээ. Тэгвэл энэ удаад ээлжит шийдвэрээ гаргажээ.
Тэрээр энэ удаад,
1. Урлагийнхаас бусад өмчийн бүх сургууль I ангид шалгалт авч уралдуулж элсүүлэхийг хориглох,
2. Өмчийн бүх сургуульд 6 нас хүрээгүй бол I ангид элсүүлэхийг хориглосон шийдвэрийг тус тус гаргажээ.
Энэ нь зургаан настнуудыг хооронд нь өрсөлдүүлж, тэднээр бизнес хийдгийг хориглож байгаа шийдвар ажээ. Учир нь зарим сургуульд нэгдүгээр ангид элсэх мянга орчим хүүхэд бүртгүүлж, бүртгүүлсэн хүүхэд бүрээс 5000-10000 төгрөгийн хураамж авдаг ч тэдний ердөө 10 орчим хувийг л элсүүлдэг юм.
Цаашид их дээд сургуулийнхаас өндөр төлбөртэй ерөнхий боловсролын сургуулиудын төлбөрийг багасгах, чанаргүй их дээд сургуулиудыг цөөлөх зэрэг асуудалд онцгой анхаарч тодорхой шийдвэр гаргахаар ажиллаж эхэлжээ. Гэхдээ энэ бүх ажлаа хуулийн хүрээнд тооцоо судалгаанд үндэслэж хийж байгаа ажээ.