Эрээнд 50 монгол жолооч байрлаж, ачаа зөөхөөр болжээ

623

Гадаад харилцааны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяраар ахлуулсан ажлын хэсэг Монгол улс БНХАУ хооронд хиллэж буй авто замын хилийн боомтод ажиллаж ачаа тээврийн нэвтрэх хөдөлгөөнийг нэмэгдүүлэх чиглэлд уулзалт яриа хэлэлцээ хийсэн байна.

2020 оны 12 дугаар сарын 17 өдрөөс өмнө зөвхөн Замын-Үүд боомтоор БНХАУ-ын талаас өдөрт 20 машин Монгол улсын хилрүү нэвтэрч, Монгол улсаас БНХАУ-ын Эрээн боомтруу мөн л 20 машин нэвтэрч байжээ.Үүний шалтгаан нь Монгол улсад коронавирусын дотоодын халдвар гарч эрсдэл нэмэгдсэн учраас БНХАУ-ын тал хилийн нэвтрэх хэсэгтээ хяналт шалгалтыг нэмэгдүүлж, нэг авто машиныг ариутгах хугацааг нэмэгдүүлсэн. Мөн Монгол жолооч нарыг хил нэвтрүүлэхгүй байх шийдвэрт хүрсэн зэрэг бэрхшээл тулгарсан юм.

Харин ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяраар ахлуулсан ажлын хэсэг Замын-Үүд боомтод очиж ажиллаж, холбогдох албан тушаалтангуудтай утсаар ярьж, цахим уулзалт хийсний үндсэн дээр зохих арга хэмжээг газар дээр нь авч эхэлсэн байна.

Тухайлбал, БНХАУ-ын талаас ачаа тээврийн авто машиныг жолоодож хоёр улсын хилийн 0 цэг дээр аваачих 50 жолоочийг БНХАУ-ын талд байршуулах шаардлага тавьжээ. Энэ шаардлагын дагуу БНХАУ-ын Эрээн хотод байсан 21 жолоочийг уг ажлыг хариуцуулж, нэмж 32 жолоочийг БНХАУ-ын Эрээн хотруу гарган БНХАУ-ын талд тусгаарлагдах 14 хоногийн зардлыг зохицуулсан байна.

 Уг цэгээс Монголын талд буй монгол жолооч нар ачаатай авто машиныг жолоодон Монгол улсын хилээр гаргана. Харин Монголын талаас ачаатай авто машиныг мөн жолоодож хоёр улсын хилийн 0 цэг дээр аваачиж үлдээх бөгөөд уг авто машиныг БНХАУ-ын талд буй Монгол улсын 50 жолооч мөн авч цааш яван БНХАУ-ын хилээр нэвтрэх зохицуулалтыг хийжээ.

Дээрх зохицуулалтын дараа БНХАУ-ын талд дугаарлалт үүсээд байсан авто машины цуваа дундарч эхэлсэн гэдгийг албаныхан хэллээ. Тухайлбал, 2020 оны 12 дугаар сарын 18 өдрөөс эхлэн хоёр улсын хилээр ачаа тээврийн 40-60 хүртэл авто машин нэвтэрч эхэлсэн байна.

Удахгүй тусгаарлалтанд буй 32 жолооч гарсан нөхцөлд уг машины тоо нэмэгдэх боломжтой гэж үзэж байна. Мөн БНХАУ-ын авто машин ариутгаж буй нэг гарцыг нэмэгдүүлж 2-3 гарцтай болох хүсэлтийг Монголын талаас тавьжээ. 

Гашуунсухайт, Шивээ хүрэн боомтоор голлон уул уурхайн бүтээгдэхүүн гарч буй бөгөөд уг боомтоор нэвтрэх хүчин чадлыг хоёр талдаа зөвшилцөн нэмэгдүүлэх чиглэлийг мөн ярилцаж тохиролцсон байна.  Энэ нь экспортын гол бараа бүтээгдэхүүнийг зогсоохгүй байх чиглэлд Гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсгийн авч хэрэгжүүлсэн арга хэмжээний нэг гэж албаныхан тодотгож байлаа.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here