Нийтийн тээврээр зайлшгүй шаардлагаар зорчих иргэдийн U money картыг цэнэглэх цэгүүд болон гар утсаараа цэнэглэх боломж буюу иргэдэд илүү аюулгүй нөхцөлд, түргэн шуурхайн үйлчилгээ авах боломжийг Улаанбаатар смарт карт ХХК-иас бүрдүүлэн ажиллаж байна.
Нийслэлийн хэмжээнд U money картыг цэнэглэх 1,100 гаруй гэрээт цэг байдгаас 300 гаруй нь хөл хорионы үед үйлчилгээ үзүүлж байгаа юм. Тус компаниас U money карт цэнэглэх гэрээт цэгүүдийг хэвийн ажиллуулах хүсэлтийг Нийслэлийн захирагчийн ажлын алба болон Нийслэлийн холбогдох удирдлагуудад тавьсан бөгөөд ажиллах гэрээт цэгүүдийн халдвар хамгааллын дэглэм, аюулгүй ажиллагааны горимыг сайтар сахиулах ажиллах боломж нөхцөлийг судлан ажиллаж байгааг дуулгалаа.
Ингэснээр иргэдийн автобусанд бэлэн мөнгөөр зорчиж эрсдэлд орох сөрөг боломжуудыг хязгаарлах, нийслэлчүүдийн өөрт ойр байрлах аюулгүй цэгээс U money картаа цэнэглэн зорчих боломжийг бүрдүүлэх юм. U money картыг та бүхэн CU, CIRCLE K, V point, Эко Экспресс, Emart, Номин зэрэг сүлжээ дэлгүүрүүдээр дамжуулан цэнэглэх боломжтой.
Үүнээс гадна энэ оны 11-р сард Hi-Pay Wallet апликейшнээр дамжуулан U money картыг гар утсаараа (NFC) цэнэглэх боломжийг олгоод байгаа билээ. Энэ нь иргэдэд түргэн шуурхай, ямар ч шимтгэлгүйгээр цэнэглэх боломжтой. Коронавирусийн тархалт, эрсдэлтэй үед та гар утсандаа Hi-Pay Wallet апликейшныг суулгаад U money картаа утсаараа цэнэглэхийг таньд зөвлөж байна.