Улсын их хурлын гишүүн С.Ганбаатар 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж байгаагаа мэдэгдсэн. Үүнтэй холбогдуулан Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газраас энэхүү үйл ажиллагааг зогсоох тухай албан мэдэгдлийг хүргүүлжээ.
Цагдаагийн байгууллагаас Улсын их хурлын гишүүн С.Ганбаатарын гаргаж буй энэхүү үйлдэл, үйл ажиллагаа нь Монгол Улсын “Жагсаал цуглаан хийх журмын тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасны дагуу бүртгүүлэлгүйгээр жагсаал, цуглаан зохион байгуулах, мөн түүнчлэн дэлхий нийтэд тархаж байгаа коронавируст /КОВИД-19/ халдварт цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн засаг даргаас гаргасан 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/25 дугаартай захирамжийг зөрчиж байна гэж үзжээ.
Тиймээс уг үйл ажиллагааг зогсоох бөгөөд иргэд, олон нийтийг цар тахлын үед хүн ихээр цугларсан газарт очихгүй байх, амны хаалтаа тогтмол зүүж хууль бус жагсаал цуглаанд оролцохгүй байхыг анхааруулжээ.