Санхүүгийн зохицуулах хороо нь ББСБ, ХЗХ-ны үйл ажиллагаа, зээлийн гэрээтэй холбогдох өргөдөл, гомдол, хүсэлтийг 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн цахимаар болон утсаар хүлээн авах ажиллагааг зохион байгуулахад нийт өргөдөл, гомдол, хүсэлтийн 37.9 хувийг Санхүүгийн зохицуулах хорооны хяналт, зохицуулалтад шууд хамаардаггүй буюу барьцаалан зээлдүүлэх газар болон rap утасны аппликейшн ашиглаж зээл олгогч этгээдүүдээс авсан зээлийн хугацааг сунгуулах, үүнтэй холбоотой зөвлөгөө, тодруулга авах зэрэг асуудалтай холбоотой байжээ.
Нөхцөл байдлыг харгалзан барьцаалан зээлдүүлэх газартай байгуулсан зээлийн гэрээнүүдийн харилцаанд УИХ-аас хууль батлан гаргах замаар тодорхой зохицуулалт хийж, иргэн, хуулийн этгээдийг зээлийн өрийн дарамтад орохоос сэргийлэх, эдийн засгийн сөрөг нөлөөллийг арилгахад чиглэсэн арга хэмжээ авах зайлшгүй шаардлага бий болоод байна хэмээн төсөл санаачлагчид үзжээ.
Тиймээс барьцаалан зээлдүүлэх газар болон зээлдэгч хооронд байгуулсан зээлийн гэрээний 2020 оны арванхоёрдугаар сарын 22-ний өдрөөс 2021 оны долоодугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд хамаарах хүүгийн хэмжээг сарын гурван хувиас, алдангийг өдрийн 0.2 хувиас тус тус хэтрүүлэхгүй тооцохоор тусгасан байна.
Мөн барьцаалан зээлдүүлэх газар болон зээлдэгч хооронд байгуулсан зээлийн гэрээний 2020 оны арванхоёрдугаар сарын 22-ний өдрөөс 2021 оны долоодугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд бусад нэмэгдүүлсэн хүү, шимтгэл, хураамж тооцохгүй байх, барьцаалан зээлдүүлэх газар болон зээлдэгч хооронд байгуулсан зээлийн гэрээний 2020 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдрөөс 2021 оны долоодугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангах арга хэрэглэхийг хориглох, хэрэв хэрэглэсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу зөрчилд тооцохоор тусгажээ.