Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр боллоо. Засгийн газрын хуралдаанаар Цахим бодлогын яам байгуулах талаар хэлэлцжээ.
Төрийн ажил, үйлчилгээг цахимжуулах, ашиглалтыг нь сайжруулах, иргэдийн цахим боловсролыг дээшлүүлэх, дижитал эдийн засгийн хөгжлийн эхлэлийг тавих, мэдээллийн технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах зорилгоор “Цахим үндэстэн” цогц ажил хийхээр төлөвлөж байна.
Энэ хүрээнд “Тоон бичиг үсэгтэн” арга хэмжээ хэрэгжүүлнэ. Ингэснээр төрийн үйлчилгээний хүртээмж нэмэгдэх, иргэд цахим үйлчилгээг саадгүй авах, цаг хугацаа, мөнгөө хэмнэх зэрэг олон давуу тал бий болно гэж үзлээ. Энэ чиглэлээр хамтран ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд болон Харилцаа, холбоо, мэдээллийн технологийн газрын даргад үүрэг болгов.