“Капитал” банкны гүйцэтгэх захирлаар Б.Ундармаагийн нөхөр А.Ариунболд ажилладаг байсан бөгөөд түүнийг өчигдөр орой баривчилж, ШШГЕГ-ын Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулжээ .Өмнө нь тэрээр шүүхэд нэг бус удаа дуудагдаж байсан. Тухайлбал: А.Ариунболд 2014 онд банкны 2 ажилтныхаа хамт “Баталгаат дэнчин буюу Маржин худалдаа” хэмээх ханшийн зөрүүнд барьцаа тавьж мөрийцөх байдлаар ашиг олдог худалдаанд оролцсон хэргээр шүүхэд дуудагдаж, банкны нэг ажилтан нь шүүхээс 10 жилийн хорих ялаар шийтгүүлж байжээ.
Хэргийг нэхэн сануулвал: 2014.02.04-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1-р шүүхэд” Капитал” банкны гүйцэтгэх захирал А. Ариунболд, “Капитал” банкны санхүү бүртгэлийн газрын захирал З.Мөнхсүрэн, Капитал банкны ажилтан н.Мандах нарыг Эрүүгийн хуулийн “Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах, Банкны тухай хууль тогтоомж зөрчих, Албан тушаалтан албан үүрэгтээ хайнга хандах” гэсэн 3 зүйл ангиар прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хүргүүлжээ. Шүүхээс “Капитал” банкны захирал А.Ариунболд, тус банкны санхүү бүртгэлийн газрын захирал З.Мөнхсүрэн нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
н.Мандахыг бусдын эд хөрөнгийг хууран мэхэлж, онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн мөн банкны тухай хууль зөрчсөний улмаас онц их хэмжээний хохирол учруулсан хэргийг тус тус үйлдсэн гэж үзээд н.Мандахаас 924 сая төгрөгийг гаргуулан хохирогчид олгож, түүнийг 10 жил 1 сар чанга дэглэмтэй хориход ял эдлүүлэхээр болжээ.
Ингээд Ханшийн зөрүүнд барьцаа тавьж мөрийцсөн “Капитал” банкны ажилтан 10 жилийн ял авч, захирал нь сугарч үлдсэн түүхтэй. Ханшийн зөрүүнд барьцаалсан “Капитал” банкны мөнгө хадгаламж эзэмшигчдийнх байсан уу гэдгийг шалгаж тогтоох үлдэж байна.