Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимын таван сайдын хамт Аялал жуулчлалын салбарын төлөөлөлтэй чөлөөт уулзалт, ярилцлага хийж, салбарын мэдээлэл сонсож, оролцогчдын сонирхсон асуултад хариулж, тайлбар өгөв.
Уулзалтын эхэнд Аялал жуулчлалын салбарынхан өнөөгийн нөхцөл байдал, ирээдүйн төлөвлөгөө, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх гарцынхаа талаар чиглэл бүрээр нэгтгэсэн товч танилцуулгуудыг хийв.
КОВИД19 халдварт цар тахлын хамгийн том хохирогч нь Монголын төдийгүй дэлхийн улс орнуудын аялал жуулчлалын салбар гэдгийг уулзалтад оролцогч талууд дуу нэгтэй зөвшөөрөв. Тус салбарын нэгтгэсэн тоон мэдээллүүд ч үүнийг нотлон харуулж байв. Иймд хэрхэн тус салбарыг богино хугацаанд хөл дээр нь босгож, үйл ажиллагааг шинэ менежмент, шинэ зохион байгуулалт, алсын хараатай хөгжүүлэх вэ гэдгийг ярилцахаар Ерөнхий сайдын санаачлагаар тус уулзалтыг зохион байгуулж буй нь цаг үеэ мэдэрсэн, өгөөжтэй чухал уулзалт ярилцлага болж байна гэдгийг аялал жуулчлалын салбарынхан онцолсон.
Засгийн газар улс, орноо хөгжүүлэх тэргүүлэх зургаан чиглэлийн нэгээр аялал жуулчлалын салбарыг тодорхойлсон. Шинэ бодлогоор, шинэ арга барилаар, шинэ хуудас нээж ажиллана. Үүний тулд салбар дахь асуудлаа ярилцаад маш тодорхой төлөвлөж Засгийн газар, УИХ-аас шийдвэрлүүлэх жагсаалтаа гаргаж авах нь зөв гэдгээ Ерөнхий сайд онцолсон.
Монгол Улсын Ерөнхий сайд уулзалтыг хааж хэлсэн үгэндээ; “Монгол улсын Засгийн газар Зах зээлийн эдийн засгийнхаа чөлөөт цусны эргэлтийг нээе гэсэн бодлого барьж байна. Бид 513 мянган өрхдөө тандалт шинжилгээ хийж, халдварын тархалтыг хумьж чадсан. Тиймээс хөл хориогоо сулруулж, цаашлаад хилээ нээнэ. Энд яригдсан асуудлуудыг нэгтгэн ирэх 7 хоногийн лхагва гаригийн Засгийн газрын хурлаар хэлэлцэн танхимын сайд нараа мэдээллээр хангаж, байр сууриа нэгтгэнэ. УИХ, хувийн хэвшлийнхэнтэйгээ хэрхэн хамтарч ажиллах бодлогоо тодорхой гаргана. Өнөөдрийн уулзалтаас та бүгдийн тавьж буй асуудлуудыг нэгтгэн дараах таван чиглэлээр анхаарч дэмжлэг үзүүлж ажиллана
1. КОВИД19- ын хүндрэлийг даван туулах эдийн засгийн дэмжлэг үзүүлнэ
2. Агаарын тээврийн либералчлал хийнэ
3. 2021.05.01-ээс хил нээх саналыг нухацтай судалж шийдвэрлэнэ
4. Визний үйлчилгээг цахимжуулж, цахим консул ажиллуулах эрхзүйн орчныг бүрдүүлнэ
5. Салбарын хэмжээнд нэгдсэн маркетинг хэрэгжүүлэхийн төлөө бүх талаар хамтарч ажиллана” гэв.
Засгийн газрын хэвлэл мэдээлэлтэй харилцах газар.
.