Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг ирэх зургадугаар сард болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж болох эсэх асуудлаар Үндсэн хуулийн цэц (ҮХЦ)-д маргаан үүссэн.Маргаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хуульч Б.Гүнбилэг ажиллахаар болсон юм. Тэрбээр өнөөдөр ҮХЦ–д очиж, тайлбар өглөө. Асуудлын хүрээнд ярилцав.
–Та Монгол Улсын Ерөнхийлөгчийг ҮХЦ дээр төлөөлөхөөр болсон байна. Одоогийн үүссэн маргааныг хэрхэн үнэлж, дүгнэж байгаа вэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль энэ жил болох гэж байгаатай холбоотой улс төрийн болон эрх зүйн маргаанууд гарч байна. Нэр бүхий иргэд, тухайлбал 4 иргэн “…Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа, Төрийн тэргүүн Х.Баттулга гэдэг хүн нэр дэвших эрхгүй…” гэсэн байдлаар ҮХЦ-д мэдээлэл гаргасан.
Харин маргаан үүссэн асуудлыг эмзэглэж хүлээж авлаа. Тийм учраас би Монгол Улсын Ерөнхийлөгчид хандаж, уулзсан. Мэдээж, хуульчид олон янзын байр суурьтай байдаг. Би гэхэд үйл ажиллагааг нь шүүмжлэх үедээ шүүмжилж, зөв үед нь зөв хэмээн илэрхийлдэг.
Үндсэн хуулийг сахиулахын тулд албан ёсоор итгэмжлэл өгвөл хууль зүйн шинжлэх ухаанынх нь болон бусад тайлбарыг өгье гээд хүсэлт гаргаад ажиллах болсон юм шүү.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хүчин төгөлдөр болоод нэг жил ч болоогүй байна. Энэ хуулийг өөрөөр тайлбарлаж, Үндсэн хуульт ёсонд халдах вий гэсэн болгоомжлол төрж байна.
Ингээд өчигдөр орой хуульч эрдэмтэд тал талаас нь ярилцаад эрх зүйн онолын талаар олон зүйл бичсэн байгаа. Яагаад ганцхан Х.Баттулга гэдэг хүнд зориулж тайлбар хийх ёстой болчихов гэдэг дээр их гайхацгааж байгаа. Нэг хүнд зориулж Үндсэн хууль тайлбарлах нь осолтой. Цааш, цаашдаа олон эрсдэл гарна. Үүн дээр л бид тайлбараа өгье гэсэн хэрэг.
Зүгээр л хэвлэл, мэдээллийн хэрэгслээр эсвэл бусад сувгаар хуульч, судлаач Б.Гүнбилэг гээд ярих явж болох ч ҮХЦ-ийн мэдээлэл тайлбар өг гэсэн шаардлагад нийцүүлэн эрх зүйн онол ярих нь бас өөр л дөө.
–Ерөнхийлөгч тайлбараа өгчихсөн биз дээ?
-Би мөн тэр тайлбарыг зурагтаар харсан. ҮХЦ дээр дураараа гүйж очоод ярьчихсан юм байх гэтэл үгүй юм билээ. ҮХЦ-ээс өөрт чинь холбоотой маргаан гарсан, тайлбараа өгөөрэй гэж хандаад, албан ёсны бичиг явуулсны дагуу ҮХЦ дээр очиж тайлбараа өгсөн байна лээ.
Гэхдээ тэрхүү тайлбарыг би дутуу гэж үзсэн. Нэгэнт би итгэмжлэгдсэн төлөөлөгч болсон тул өнөөдөр тайлбар өглөө.
–Та юу гэж тайлбарлах вэ?
-[Tweet “Гол асуудал нь юу гэхээр Монгол Улсын Үндсэн хуульд хориглох харилцааг тусгаагүй. “]
Юу гэхээр, өмнө нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан эсвэл одоогийн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гэдэг хүн нэр дэвшиж болохгүй гэдэг зүйлийг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, дагаж мөрдөх журмын тухай хуульд оруулаагүй.
Тэр байтугай Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал гацаанд орж, яах учраа мэдэхгүй байх үед Монгол Улсын Ерөнхийлөгч тэргүүлсэн зөвшилцөлийн ажлын хэсэг байгуулсан.
Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч өөрөө удирдаад, өөрөө ёсчилсон шүү дээ. Ингэж ажилласан хүн “…би нэр дэвшихгүй…” гэдэг утгаар ажиллаагүй нь тодорхой.
Зөвшилцөх ажлын хэсгийн Нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүмүүсийн протокол хүртэл бий. “…Энэ хүн нэр дэвших эрхтэй” гэж шууд утгаар нь хүртэл тайлбарлаж байсан дүрс бичлэг, тэмдэглэл бий.
Гэтэл ийм асуудлаар маргаан үүсгэж, дунд суудлын хуралдаанаар хэлэлцвэл, Үндсэн хуульт ёсонд халдаж буй хэрэг.
Яагаад санаад зовоод байгаа гэхээр 1992 оноос хойш 29 жил болж байна. Бид өнгөрсөн хугацаанд Үндсэн хуулиа тайлбарлахдаа зарим тохиолдолд эс үйлдэл гаргадаг байсан. Жишээ нь, би Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дээрдүүлэх ёстой гэх асуудлаар 2019 онд ҮХЦ-д хандаж байсан. Гэтэл сая буюу 2 жилийн дараа хариугаа өгч байна. Энэ хугацаанд нөгөө хууль нь өөрчлөгдөөд шинээр гарчихсан. Ийм байдал үүсэх юм бол ҮХЦ дээр маргаан гарсан тул Сонгуулийн Ерөнхий хороо (СЕХ) бүртгэхгүй гэх үйлдэл гаргах вий хэмээн сэрэмжилж байна.
[Tweet “Х.Баттулга гэдэг хүнийг сайн, муугаар хэлж болно оо, болно. Гэхдээ Үндсэн хууль улстөржсөн харилцаа руу орж болохгүй. “] Үндэсний эв нэгдэл гэдэг сонгууль дөхөөд бужигнадаг байж болохгүй.Сонгох, сонгогдох эрх бол иргэд дүнгээ тавих, төрийн эрх мэдлийг ард түмэн хэрэгжүүлэх явдал юм. Энэ эрхийг бүдүүлгээр хааж болохгүй. Ард түмэн дүнгээ тавих ёстой.
–Өмнө нь ижил төрлийн маргаан гарч, түүнийг нь шийдчихээд, ижил асуудлаар дахин хуралдах шаардлагагүй гэж Ерөнхийлөгч хэлж байна лээ?
-Тийм. 1997 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд П.Очирбат нэр дэвших эрхтэй эсэх асуудлаар маргаан гарч, нэр дэвшиж болно гэж ҮХЦ үзсэн. Тэрбээр сонгогдсон бол Монгол Улсын Ерөнхийлөгчөөр 11 жил ажилласан хүн болох байлаа. Гэвч, хууль нь 8 жил байсан.
ҮХЦ шийдвэр гаргахдаа, Үндсэн хуульд нэр дэвшихийг нь хориглоогүй байна. Тиймээс нэр дэвших эрхтэй гэж шийдсэн. Хэрвээ, хориглосон бол Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд П.Очирбат нэр дэвшиж болохгүй, хориглоно гэдгээр нь бичнэ.
–ҮХЦ–д мэдээлэл гаргасан 4 хүн нь зөвхөн Х.Баттулга гэдэг хүн нэр дэвших болохгүй гэсэн юм уу. Эсвэл хуулийн өөр тайлбар хэлж байгаа юу?
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд одоо бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа хүн нэр дэвшиж болохгүй гэсэн агуулгаар мэдээлэл гаргасан. Тиймээс ҮХЦ асуудлыг хэлэлцээд болохгүй гэдэг шийдвэр гаргаж өгөөч гэсэн агуулгаар хандсан байна.
Хууль тогтоох эрх мэдэл УИХ-д бий. Түүнээс хууль гараагүй байхад өмнөөс нь ийм шийдвэр гарга гэж ҮХЦ-д хандах нь буруу.
–Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж байхад зөвшилцлийн ажлын хэсгийнхэн одоогийн Ерөнхийлөгч нэр дэвших эрхтэй гэж ярьж байсан протокол бий гэлээ. Тэр нь хангалттай үндэслэл баримт болж чадах уу?
-Тухайн үед Зөвшилцлийн ажлын хэсэг дээр тухайн үеийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “…үйлчлэлийг 2025 биш 2021 он болгох хэрэгтэй.
[Tweet “2021 оноос Ерөнхийлөгч дахин нэр дэвших эрхтэй” гэж тайлбарласныг эсрэгээр нь тайлбарлаад, мушгиад байгаа хандлага байна.”]–ҮХЦ энэ маргааныг авч хэлэлцэж болохгүй гэж Та дурдсан. Үүнийг хуулийн талаас нь тайлбарлаж өгч болох уу?
-Өмнө нь мухарлачихсан. Юу гэж тайлбарлаж байгаа гэхээр энэ хүн чинь 4 жил Ерөнхийлөгч байлаа, одоо дахиад сонгогдохоор 10 болчихно гээд байгаа. Гэтэл өмнө нь П.Очирбат гэдэг хүн 11 жил Ерөнхийлөгчөөр ажиллах гээд сонгуульд нэр дэвшсэн. ҮХЦ болно оо, гээд шийдчихсэн байна шүү дээ. Харин ард түмэн л болгоогүй.
Нөгөө талаас БНМАУ-ын Үндсэн хууль хэрэгжиж байх үед П.Очирбат гэдэг хүн Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан, Ардчилсан шинэ Үндсэн хуультай болоод шинэ тогтолцоо хэрэгжиж эхэлсэн тул өөр гэж тайлбарлах гээд байдаг. Гэтэл одоогийн тогтолцоо мөн л адилхан шүү дээ. Хуучин тогтолцоо болиод буюу 4 жилээр 2 удаа сонгогдох тогтолцоо халагдаад 6 жилээр 1 удаа сонгогдох болсон. Тэгэхээр тухайн үеийн болон одоогийн маргаан нь ижил.