“Гурвансайхан” ХХК зөвхөн ЦЭТ хууль дээр л гэхэд 33 заалтыг зөрчин ажиллаж байжээ

1020

Төлсөн Авснаа Нийтэл (ТАН, www.miningwatch.mn ) эвслээс  УРАН буюу цацрагг идэвхт ашигт малтмалын асуудлыг хөндсөн цахим хэлэлцүүлэг зохион байгууллаа. Энэ хэдэн арван хууль зөрчин уран олборлож байсан “Гурвансайхан” ХХК-ий асуудлыг хөндлөө. 

[Tweet “Уран олборлох нь олон улсад төдийгүй дотоодод онц аюултай гэсэн ангилалд багтдаг, маш өндөр хариуцлага, хатуу хяналт шаарддаг үйл ажиллагаа юм.”] Алхам тутамдаа хууль, стандарт, дүрэм журмыг хэлбэрэлтгүй мөрдөхийг шаарддаг уг асуудалд манай төр засаг ямар хайхрамжгүй, хариуцлагагүй хандаж ирснийг УДШ-ийн 2021 оны 4 сарын 5-ны өдрийн шийдвэр нотлон харууллаа. Гурвансайхан ХХК-д ураны ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон Ашигт малтмалын газрын (хуучин нэрээр) 2016 оны 7 сарын 22-ны өдрийн шийдвэрийг УДШ-ийн Захиргааны хэргийн танхим хянан хэлэлцээд  МУ-ын хууль тогтоомжуудыг зөрчсөн болохыг тогтоож, Y-020634 тоот тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргалаа.

Ашигт малтмалын газар нь дараах хэд хэдэн хуулийн заалтыг зөрчин Гурвансайхан ХХК-д Сүхбаатар аймгийн Түвшинширээ, Уулбаян сумын нутагт орших MV-020634 тоот уран ашиглах тусгай зөвшөөрлийг олгосон болохыг шүүх тогтоолоо.

Үүнд:

  1. Цацраг идэвхт ашигт малтмалынн ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход хуулиар тавих шаардлагыг хангуулаагүй буюу байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийгээгүй
  2. Байгаль орчны меежментийн төлөвлөгөө батлуулаагүй
  3. Цөмийн энергийн комисс, Тагнуулын төв байгууллага, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын санал аваагүй
  4. Орд ашиглах хуулийн этгээдийн 34 хувийг төр үнэ төлбөргүй шууд эзэмшихийг зөвшөөрч байгааг нотлосон шийдвэрийг компани гаргаагүй
  5. Орд ашиглах гэрээг хуульд заасан хугацаанд байгуулаагүй
  6. Ашиглалтын тусгай зөвшөөрлийг хуулиар тогтоосон хязгаарыг хэтрүүлсэн хугацаагаар олгосон зэрэг зөрчил гаргажээ.

Эдгээр нь дээрх тусгай зөвшөөрлийг олгоход гарсан зөрчлүүдийн  [Tweet “зөвхөн зарим хэсэг бөгөөд ганцхан Цөмийн энергийн тухай хуулийн хувьд л гэхэд нийт 33 заалт зөрчигдсөн байна.”]

Дээр нь нэмээд Үндсэн хууль, Ашигт малтмалын тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Захиргааны ерөнхий хууль гээд нэг бүрчлэн дурдвал хэдэн арваар яригдах зөрчил гаргажээ. Өөрөөр хэлбэл ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэхэд бүрдүүлэх материалууд дутуу, тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавих шаардлагууд хангагдаагүй байхад тусгай зөвшөөрөл олгосон юм.

Төр ийм хариуцлагагүй, хяналтгүй байхад байгаль орчин, хүний эрүүл мэндэд асар их сөрөг нөлөөтэй ураны хайгуул,  ашиглалтыг үргэлжлүүлэх нь  зөв үү гэдэг асуулт эндээс урган гарч байна.

Монгол Улсад 2020 оны эцсийн байдлаар Архангай, Баянхонгор, Дорноговь, Дорнод, Дундговь, Хэнтий, Сүхбаатар, Өмнөговь зэрэг нийт 9 аймгийн 28 сумын нутгийг хамарсан цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын 33, ашиглалтын 9 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байна. Дээр нь цацраг идэвхт ашигт малтмалын 169 талбайг ялгасан ч  одоогоор ашигт малтмалын тусгай зөвшөөрөл арай олгоогүй байна.

Гэтэл Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам (УУХҮЯ)-ны харьяа Ашигт малмал, газрын тосны газар (АМГТГ) нь ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохдоо Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох олон хууль тогтоомжийг ийнхүү зөрчиж байна.

[Tweet “Тэрчлэн орон нутагт цацраг идэвхт бодисын хяналтын тогтолцоог бий болгож чадаагүй хэвээр байна.”]

Жишээ нь, хайгуулын явцдаа байгаль орчныг хамгаалах үүргээ огт хэрэгжүүлээгүй Гурвансайхан ХХК-д ураны ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход татгалзах зүйлгүй хэмээн орон нутаг зөвшөөрсөн  байдаг.

Мөн түүнчлэн, Засгийн газрын харьяа Цөмийн энергийн комисс (ЦЭК) нь санаачилж 2015, 2016 онуудад нэмэлт, өөрчлөлт хууль тогтоомжид оруулснаар нийтэд заавал ил байх шаардлагатай  мэдээллийг нууцлах болжээ. Үүнд:

  • ураны талаар мэдээ мэдээлэл, судалгааны дүн,
  • ураны хайгуул болон олборлох зөвшөөрөл бүхий компаниудын ТЭЗҮ, үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан,
  • орд ашиглах гэрээ хэлэлцээр бүгд олон нийтэд хаалттай байна.

Иймээс цацраг идэвхт ашигт малтмалын үйл ажиллагаанд хариуцлага, хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор ТАН эвслийн гишүүн Их бага Баяншарга ТББ шүүхэд нэхэмжлэл гарган, АМГТГ-ын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 07 сарын 22-ны өдрийн  шийдвэрээр Гурвансайхан ХХК-д олгогдсон MY-020634 тоот  цацраг идэвхт ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах шаардлага гаргасан юм

ТАН эвслээс товч дүгнэхэд: Монгол Улсад ураны хайгуул,”туршилтын олборлолт”-д ашигласан усны цацрагийн болон химийн бохирдлыг хянах тогтолцоо бүрдээгүй, орон нутагт цацрагийн альфа, бета, гамма  болон радоны хэмжээг тодорхойлох техник  төхөөрөмж, түүнийг хэрэглэх мэргэжилтэн мэргэжилтэн байхгүй, ураны дагнасан төслийн  техник эдийн засгийн үнэлгээ (ТЭЗҮ), байгаль орчны үнэлгээ хийх мэргэшсэн байгууллага байхгүй, мэдээллийн ил тод байдал хангагдаагүй, ураныг аюулгүй ашиглах эрх зүйн орчин бүрдээгүй байгааг онцлон анхааруулж байна.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛ, ЕРӨНХИЙЛӨГЧ, ЗАСГИЙН ГАЗАРТ ХАНДСАН ШААРДЛАГА:

Монгол Улсад цацраг идэвхт ашигт малтмал, цөмийн эрчим хүч ашиглах  эрх зүйн иж бүрэн орчин бүрдээгүй, орон нутагт хяналтын тогтолцоо байхгүй өнөөгийн нөхцөлд “туршилт” нэрийдлээр ураныг мэдлэггүйгээр, хяналтгүйгээр олборлож байгаа нь өндөр эрсдэлтэй байх тул цацраг идэвхт ашигт малтмал хайх, ашиглах бүх үе шатанд Үндсэн хуульд заасан одоо ирээдүй үеийн хүн бүрийн эрүүл аюулгүй амьдрах эрх, мэдэх эрхийг хангах эрх зүйн болон институцын тогтолцоог НЭН ДАРУЙ БҮРДҮҮЛЭХИЙГ  шаардаж байна.   Үүнд:

  • Эрх зүйн орчныг сайжруулж, цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул, олборлолт, баяжуулалт, хог хаягдал булшлах, тээвэрлэх, нөхөн сэргээх зэрэг үе шат бүрийг НАРИЙВЧЛАН ЗОХИЦУУЛАХ
  • Хууль тогтоомжийг сайжруулахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн 6.2-т заасан Үндсэн хуульд заасан одоо ирээдүй үеийн хүн бүрийн эрүүл аюулгүй амьдрах эрх, мэдэх хангах зарчимд БҮРЭН НИЙЦҮҮЛЭХ
  • “Иргэн эрүүл, аю улгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх” эрхийг хүндэтгэн ОҮИТБС-ыг бүрэн хэрэгжүүлж, цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, гэрээний мэдээллийг НЭН ДАРУЙ НИЙТЭД ИЛ ТОД БОЛГОХ
  • Цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул ашиглалтын үйл ажиллагаанд цацрагийн хяналт тавих чадавхийг орон нутагт бүрдүүлэх. Шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж, мэргэжилтнүүдийг ЯАРАЛТАЙ БЭЛТГЭХ
  • Цацраг идэвхт ашигт малтмалын төсөлд эрүүл мэнд, нийгэм, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийх, түүний хэрэгжилтийг бүрэн хянах үндэсний чадавх бүрдүүлэх арга хэмжээг НЭН ДАРУЙ авч хэрэгжүүлэх.

Та бүхнийг ТАН эвслийн Facebook хуудас болон www.miningwatch.mn    цахим хуудсаар бидэнтэй нэгдэхийг уриалж байна.

ТАН ЭВСЭЛ

хариулах

Please enter your comment!
Please enter your name here