Энэ сарын 25-нд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ КОВИД19-ын хүндрэлийг давахад Эрүүл мэндийн салбарт оруулах нэмэлт санхүүжилт, хүүхдийн 100 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмж, ААН, айл өрхийн хэрэглээний зарим зардлыг төрөөс төлөх шийдвэрээ тус тус он дуустал үргэлжлүүлэх тухай Засгийн газрын саналаа ҮАБЗ-д танилцууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нар дэмжиж ажиллахаа илэрхийлжээ.
Үүнд:
– Эрүүл мэндийн салбарт 668 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт хийнэ.
Оношилгоо, шинжилгээ, хүчилтөрөгчийн нөөцийг нэмэгдүүлэх, уушги орлуулагч аппаратны нөөц бүрдүүлж, эмнэлэгийн орыг нэмэгдүүлэх, орон нутагт коронавирусын халдварыг эмчлэх чадавхийг дэмжих, халдварын улаан бүсэд ажиллаж байгаа эмч нарын цалин, урамшууллыг нэмэхэд шаардагдах төсөв багтаж буй.
Айл өрхүүд, аж ахуй нэгжүүдийн орлогыг дэмжих хүрээнд:
– Хүүхдийн 100 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмжийг 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгахаар,
– ААН, өрхийн цахилгаан дулаан, цэвэр, бохир ус, хог хаягдлын хураамжийг төрөөс төлөх шийдвэрээ 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгахаар,
– Сайжруулсан шахмал түлшний үнийг 50 хувиар хөнгөлөх арга хэмжээг 2022 оны гуравдугаар сар хүртэл сунгах зэрэг асуудлууд багтах юм.