УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын талаар Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат танилцууллаа:
Төсвийн орлого төлөвлөснөөс дутуу биелэлттэй байгаа нь Коронавируст халдвар (Ковид-19) цар тахлын улмаас уул уурхай, барилга, худалдаа, үйлчилгээний салбаруудын орлого буурснаас шалтгаалжээ.
Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцлийг 5 их наяд 252.7 тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар төлөвлөснөөс гүйцэтгэлээр 4 их наяд 440.4 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан. Энэ нь ДНБ-ний 12 хувьтай тэнцүү байна.
Засгийн газрын өрийн хэмжээ өмнөх оноос 3 их наяд 698.9 тэрбум төгрөгөөр өсжээ
Засгийн газрын нийт өр 2020 оны эцэст 27 их наяд 898.6 тэрбум, өнөөгийн үнэ цэнээр тооцсоноор 23 их наяд 24.3 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байгаа нь ДНБ-ийн 62.3 хувьтай тэнцэж байна.
[inlinetweet prefix=”Засгийн газрын өрийн хэмжээ өмнөх оноос 3 их наяд 698.9 тэрбум төгрөгөөр өссөн.” tweeter=”” suffix=””]Засгийн газрын өрийн хэмжээ өмнөх оноос 3 их наяд 698.9 тэрбум төгрөгөөр өссөн.[/inlinetweet] Өрийн үлдэгдэлд гадаад өр 89.1 хувь, дотоод өр 4.1 хувь, өрийн баталгаа 3.8 хувь, барих шилжүүлэх төрлийн концесс 3.0 хувийг тус тус эзэлж байна.Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хууль, түүнд оруулсан өөрчлөлтөөр нийт 23 ТЕЗ-ийн төсвийн багцад баталсан 4 их наяд 118.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 1 их наяд 330.9 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 1347 төсөл, арга хэмжээний төлөвлөлт, хэрэгжилтэд гүйцэтгэлийн аудит хийлээ.
Аудитаар улсын төсвийн 2020 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийн бодит гүйцэтгэл 78.4 хувьтай дүгнэгдсэн бөгөөд 11.2 хувь буюу 151 төсөл, арга хэмжээ хэрэгжээгүй, 15.2 хувь буюу 205 төсөл, арга хэмжээний хэрэгжилт дутуу байна. Улсын төсвөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төсөвт өртөг нэмэгдсэн, хэрэгжилт удааширсан, үр ашиггүй зардал гарсан нь төлөвлөгөөнд хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдтэй бүрэн нийцүүлээгүй, салбарын түвшинд төлөвлөөгүй, төсөвлөлтийн шаардлага хангаагүй зарим төсөл, арга хэмжээг тусгасантай холбоотой байна.
Төсөв санхүүгийн хариуцлагын болон хяналтын тогтолцоо хангалтгүйгээс улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хэрэгжилтэд баримтлах хууль тогтоомж зөрчигдөж байгааг анхаарах шаардлагатай гэжээ.
Засгийн газрын 2020 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитын талаар:
Засгийн газрын 2020 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 56 ТЕЗ-ийн санхүүгийн нэгтгэсэн тайлан, тэдгээрийн харьяа байгууллагуудын нийт 6890 санхүүгийн тайланг нэгтгэсэн. Төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитаар Зөрчилгүй 40, Хязгаарлалттай 16-н дүгнэлт өгсөн аж. Засгийн газрын 2020 санхүүгийн нэгтгэсэн тайланд санхүүгийн тайлангийн батламж мэдэгдлүүдтэй зөрчилдсөн материаллаг хэмжээний дараах алдаа, зөрчил илэрсэн нь Аудитын Дээд байгууллагуудын болон Аудитын Олон улсын стандарт, “Төрийн аудитын байгууллагаас аудит хийх журам”-д заасны дагуу “Хязгаарлалттай” дүгнэлт өгөх үндэслэл болжээ.
- “Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай” хууль, дагалдах журамд сангийн эх үүсвэрийг нөхөн бүрдүүлэх талаар тодорхой тусгаагүй нь чөлөөлөлтөөс үүссэн 642.6 тэрбум төгрөгийг НДЕГ бүртгэж, шийдвэрлэхэд хүндрэл үүссэнээс санхүүгийн тайланд тооцоо нийлж баталгаажуулаагүй авлага бүртгэсэн;
- Дамжуулан зээлийн 321.7 тэрбум төгрөгийг ашиглагч байгууллагууд санхүүгийн тайланд өр төлбөрөөр бүртгэж тайлагнаагүй;
- Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд 1,146.7 тэрбум төгрөгийн урт хугацаат үнэт цаас гарган Төрийн өмчит хуулийн этгээдийн ирээдүйд бий болох орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан, өр үүсгэж, иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс төлсөн нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.7-д заасантай нийцээгүй;
- Эдийн засаг, нийгмийн ач холбогдлоор нь эрэмбэлээгүй, эрсдэлийн үнэлгээ хийгээгүй 297.8 тэрбум төгрөгийн төслийг гадаад зээлийн эх үүсвэрээс санхүүжүүлсэн байна.
Иймд дараах асуудалд анхаарлаа хандуулахыг Улсын Их Хурлын гишүүдээс хүсэв. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж гамшгийн үед эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах талаарх хууль эрх зүйн орчныг сайжруулж боловсронгуй болгох, Засгийн газар Ковид-19 нөхцөл байдлын үеийн, эдийн засгийн арга хэмжээнүүдийг санхүүжүүлэх эх үүсвэр, зарцуулалтыг төсвийн бүрэлдэхүүнд оруулан хуулиар батлах асуудлыг анхааралдаа авахыг уламжиллаа.
Сангийн сайд болон Монгол Улсын Ерөнхий аудиторын танилцуулгуудтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан, Ж.Сүхбаатар, Н.Алтанхуяг, Д.Өнөрболор, Х.Булгантуяа, Б.Энхбаяр, Б.Баттөмөр, Ц.Сандаг-Очир нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт, тайлбар, мэдээлэл авлаа.
Ийнхүү Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийсний дараа хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн зарлагын хяналтын дэд хороо болон Байнгын хороодод шилжүүлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.